Ашиглалтын шаардлага хангахгүй 3700 барилгыг буулгаж, дахин барилгажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-28 16:50:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.


Өмнөх оны эцсийн байдлаар нийслэлд 208 049 өрх гэр хороололд амьдарч байна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2495.7 га газарт 28 байршил бүхий 85 хэсэгчилсэн талбайг орон сууцжуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр нийт 123 066 өрх сууцанд орно гэж тооцжээ.




Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулахдаа, “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 48 хэсэгчилсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10 740 айлын орон сууц ашиглалтад ороод байна” гэлээ.


Нийслэлээс 2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр 20 000 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах хүрээнд 3700 орон сууц, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц 5000, Баянголын амны түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын төслийн хүрээнд 2007 орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавьж байгаа аж.


Мөн Ханын материал орчмын орлогод нийцсэн ногоон орон сууц 712, шинэ суурьшлын бүсэд 14155, Солонго 1, 2 орон сууцны хороололд 5002, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах хүрээнд 4000, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах “Ногоон нуур” орон сууцны хороололд 1008 орон сууц тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ