Автозамын эвдэрлийг 2.9 тэрбум төгрөгөөр засварлажээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-10-28 16:38:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны мэдээлснээр энэ онд байгаль, цаг уурын гэнэтийн үзэгдэл, нөхцөл байдлаас болж 36 байршилд автозам эвдэрчээ. Үүнийг 2.9 тэрбум төгрөгөөр сэргээн засварлан тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Салбарын яамнаас замын засвар арчлалтад орчин үеийн техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Тодруулбал, энэ онд Беларусь улсаас автозасвар арчлалтын тусгай зориулалтын 42 техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, төрийн өмчийн 20 компанийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Мөн автозамын гэмтэл, хучилтын хагарлыг лазераар хэмжигч орчин үеийн системийн техник хэрэгслийг 10 дугаар сард хүлээн аваад байна. Ингэснээр орчин үеийн нарийн тооцооллоор автозамын засвар арчлалтын төлөвлөлтийг хийх боломж бүрдээд буйг энэ онд хийсэн замын бүтээн байгуулалтыг танилцуулах үеэр ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр мэдээлсэн юм.




Тэрээр, "Энэ жилийн замын арчлалт 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ургац тээврийн 13 чиглэлийн нийт 311 км автозамын засвар, арчлалтын ажлыг энэ сарын 5-ны дотор орон нутагт байгаа улсын чанартай автозамын засвар арчлалт хариуцсан “Булган”, “Хөвчийн зам”, “Эрдэнэт сан” зэрэг ААН-үүд хийж гүйцэтгэжээ. Улсын хэмжээнд 15 мянга орчим км автозам бий. Эдгээр замын жилийн урсгал засвар, арчлалтыг улсын болон хувийн 32 ААН гүйцэтгэн, жилийн 4 улирал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.  

Холбоотой мэдээ