Чинээлэг хятадууд мөнгө олохоосоо илүүтэй хамгаалахад анхаарах болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-03 11:38:58

БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хөрөнгө дахин хуваарилах кампанит ажил эрчээ авч байгаатай холбоотойгоор тус улсын баян чинээлэг иргэд хатуу арга хэмжээнүүдээс сэрэмжлэн ашиг сонирхлоо хамгаалахыг эрмэлзэж, нийгмийн сүлжээний хаягуудаа устгаж, хөрөнгө мөнгөө аюулгүй газар луу шилжүүлэх болжээ.


Энэхүү бодлого нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шимийг хүртсэн дээд давхаргыг чиглэж байгаа аж. Хятадад 2021 онд долоо хоног тутам шинэ тэрбумтан төрсөн бөгөөд ингэснээр нийт тэрбумтнуудынх нь тоо 750 давсан нь Энэтхэг, ОХУ, Германы тэрбумтнуудыг нийлүүлснээс илүү байгаа юм. Тийнхүү Хятад нь тэрбумтнуудын тоогоороо АНУ-ын /830/ араас бичигдэж байгааг “Bloomberg” агентлагийн “Billionaires Index” харуулж байна.


Харин одоо энэ хандлага өөрчлөгдөөд байна. Хятадын эрх баригчид хамтын хөгжил цэцэглэлтийн зорилго нь “баячуудыг дээрэмдэх” биш гэдгийг онцолж байгаа ч шинжээчдийн ярьж буйгаар, хөрөнгийн ялгааг багасгах гэсэн шахалт нь улсын дээд давхаргынхныг түгшээх болжээ. Тэд энэхүү нэр томьёо нь практикт ямар утга санаатай хийгээд цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаад ихэд санаа зовниж байна.


Одоогоор Бээжингийн засаг захиргаа олон аж үйлдвэр, үйл ажиллагааны арга барилд хязгаарлалт тогтоож, хөрөнгийн дахин хуваарилалтын өөр нэгэн хэлбэр гэгдэж буй буяны үйлсийг урамшуулж, эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн шинэ татварын талаар нээлттэй хэлэлцэж байна. “Хэдхэн жилийн өмнө хүмүүс хэрхэн хөрөнгө оруулахдаа л санаа зовнидог байсан бол одоо боломжийг ашиглахаас цааргалах болсон” гэж Шанхайн хуулийн фирмийн зөвлөх Эчо Жао хэлэв.


Мөн нөхцөл байдал хурцдаж байгаагийн нэгэн илрэл нь энэ асуудлаар “Bloomberg”-т яриа өгсөн санхүүгийн бүх зөвлөх нэрээ нууцлахыг хүсэж байна. Шинжээчдийн ярьснаар, эхний алхам бол таагүй хандлагаас, ялангуяа нийгмийн сүлжээнд ийм хандлагаас зайлсхийх явдал аж. Сүүлийн жилүүдэд цахим сүлжээ хэрэглэгчдийн “армиуд” нийгмийн сүлжээг ашиглан Хятадын эсрэг хандлага гаргасан алдартнууд, эрдэмтэд, хэнбугай руу ч дайрах болжээ.


Тухайлбал, “Meituan” хоол хүргэлтийн фирмийг үүсгэн байгуулагч Ван Шин Засгийн газрыг шүүмжилсэн утга агуулгатай гэж ойлгогдсон нийтлэлийг нийгмийн сүлжээндээ бичсэнийхээ төлөө 2.5 тэрбум ам.доллароо алджээ. Жүжигчин Жэн Шуаны хувьд тээгч эх хөлсөлсөн талаарх дуулиан нийгмийн сүлжээнд цацагдсаны дараа татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж, 299 сая юань /61 сая ам.доллар/ төлөхөөр болжээ.


Тийнхүү түгшсэн хэрэглэгчид “Twitter”-тэй төстэй Хятадын платформ болох “Weibo” тэргүүтэй нийгмийн сүлжээнүүдээсээ хөндийрөх нь түгээмэл үзэгдэл болсныг Хонконгт төвтэй нэгэн шинжээч хэлсэн юм. Түүнчлэн олон нийтийн анхааралд өртөхгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхөөс татгалзаж, компаниудаараа дамжуулан хандив өргөх болжээ.  


Мөн Хятадын чинээлэг иргэд нэг сая юанийг Хонконг доллар луу шилжүүлэхэд хэдэн кг жин дардгийг тодорхой мэддэг болсон нь хил дамнан бэлэн мөнгө экспортлох нь түгээмэл болсныг харуулж байна. Тус улсад хөрөнгийн хатуу хяналтын хүрээнд иргэдийн жилд солиулах гадаад валютыг 50 мянга хүртэлх ам.доллароор хязгаарладаг тул баян хүмүүс хөрөнгөө хилийн чанадад байршуулах арга замыг эрэлхийлээд удаж байна.


Харин шинэ дүрэм журам, “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хязгаарлалтууд нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тодруулбал, хилийг хааж, тусгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болсон нь Хятадаас бэлэн мөнгө дүүрэн цүнхтэй ч, цүнхгүй ч гарах боломжийг хязгаарлажээ. Мөн Бээжингийн засаг захиргаа хилийн чанадад мөнгөө эргэлдүүлэх шинэхэн аргад тооцогдох болсон криптовалют арилжаалахыг хориглосон. Одоогоор Хятадад өв залгамжлалд татвар ногдуулахгүй байгаа ч энэ бүхэн өөрчлөгдөх нь цаг хугацааны л асуудал гэдэгт баячууд санаа зовж байгааг нэгэн ахлах банкир ярьжээ.


"Дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хамтын хөгжил цэцэглэлт нь тодорхойгүй нөхцөл байдлыг авчраад байна. Бид стратегийн ач холбогдол багатай салбаруудад няхуур хандаж, хэрэглэгчдэдээ сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл болон ногоон технологийн талаар судлахыг зөвлөж байна” гэж Швейцарын “UBS” группийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Адриан Цуэрчер хэлэв.


Мөн зөвлөхүүд Хятадын үйлчлүүлэгчдэдээ олон улсын зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэхийг зөвлөх болжээ. Хятадад бусад улс орнуудын нэгэн адил хөрөнгө оруулагчдын багцыг дотоодын компаниудад хэт хуваарилдаг. Хятадын хөрөнгийн биржүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 10 орчим хувийг эзэлдэг ч нэгэн хувийн банкны тооцоогоор, Хятадын үйлчлүүлэгчид нь "хөрөнгийнхөө 30-50 хувийг дотоодын зах зээлдээ эзэмшдэг" байна. Иймд олон улсын зах зээлд хөрөнгө оруулахыг дотоодын эдийн засгийн гэнэтийн цочрол, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үргэлжилсэн хямралын нөлөөнөөс хамгаалагдах боломж гэж үзэж болох юм.


Энэхүү нийтлэлийг "Bloomberg" агентлагийн сэтгүүлч Дениз Ви, Люсиль Лю нар бичжээ. 

Холбоотой мэдээ