БХБЯ Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-11-03 15:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн”-тэй хамтран “Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо.


Төрийн захиргааны төв байгууллагуудаас анх удаа үйл ажиллагаандаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байгаа аж.


Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын стратеги, үйл ажиллагааны эрсдэлийг тооцон, бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй, чанартай удирдан явуулахын тулд олон улсын менежментийн бүлэг стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд дээрх стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.


Стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг чанарт суурилан, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг дээд шатны байгууллага, салбарын байгууллага, иргэдэд хүргэх юм байна.


Байгууллагын үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэй хянах тогтолцоог бий болгож олон улсын менежментийг шаардлагад нийцүүлж ажилладаг гэдгээрээ онцлогтой аж.


Менежментийн тогтолцооны стандартууд нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог давуу талтай юм.

Холбоотой мэдээ