Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын болгосон байна. Уг хуулийг батлахдаа Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.3-т “…албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж өөрчлөлт оруулжээ. Гэвч уг даатгалыг хэн эрхлэхийг хуульчлаагүй орхисон байна. Улмаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгохоор зохицуулсан боловч тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж, хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, ашгийн төлөөх аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд жолоочийн хариуцлагын даатгалын албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон гэдгийг танилцуулгын эхэнд хэллээ.
Монгол Улсын хэмжээнд албан журмын бусад даатгалыг ашгийн бус этгээд эрхэлдэг гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ тодотгосон. Олон улсын жишиг ч ийм байдгийн дурдсан. Ашгийн төлөөх байгууллага энэ үйлчилгээг эрхэлсэнээр жолоочийн хохирлыг барагдуулах, жолооч нарын эрх ашгийг хамгаалах хуулийн үндсэн зорилго хэрэгжихгүй, харин даатгалын үйлчилгээ үзүүлэгчдийн ашиг олох үйл ажиллагаа болон гажуудсан гэж төсөл санаачлагчид үзжээ.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд “жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, Албан журмын даатгагчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын тодорхойгүй байдлыг арилгах, даатгуулагч, хохирогч нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахад хохирол үнэлэгч заавал оролцох шаардлагыг хасаж, холбогдох авто засвар, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллага оролцох боломжийг бүрдүүлэх, даатгагч, даатгуулагчийн үүргийг ойлгомжтой болгох, даатгалын үнэлгээний хэмжээ, хураамж, тооцоолох аргачлал, итгэлцүүрийг шинэчлэх” зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсад жилд дунджаар зам тээврийн 30 орчим мянган осол болж, эдгээр ослын улмаас 500 орчим хүн амь насаа алдаж, 1000 орчим хүн бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй бол гэдэг тоон мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийнхээ үеэр танилцуулав. Энэ тоон үзүүлэлтийг 50 хувиар бууруулах зорилтыг тавьж, 2019 онд Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталсан гэв. Бусад улс оронд төрийн бодлогын баримт бичгүүд болон зам тээврийн салбарын бодлоготой нь жолоочийн хариуцлагын даатгал нь уялдаатай хэрэгждэг бөгөөд манай улс ч энэ зорилго, зарчмыг хуульчилсан. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө байгууллагууд хийж эхэлснээр төрийн бодлого орхигдсон болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулав. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөөх хуулийн этгээд эрхэлсэнээр зөвхөн ашиг олох үндсэн зорилгынхоо төлөө ажиллаж байгааг дурдан, холбогдох тоон мэдээллийг танилцууллаа.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу үнэлгээний газрыг зааж, хохирсон иргэдийг чиглүүлдэг. Үнэлгээг багаар тооцох зарчмыг урьтал болгодог. Нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр, аль болох олгохгүй байхыг эрмэлзэж ажилладаг. Мөн нөхөн төлбөр авах бол заавал цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Харин иргэд зөрчлийн оноо хасуулах, торгууль ногдуулах зэрэг захиргааны шийтгэл хүлээхээс зайлсхийж, даатгалын үйлчилгээг авч чаддаггүй, харин үүнээс даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ашиг олдог гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байв.
“Жолооч” гэдгийг хуульд өргөн утгаар томьёолсон. Тухайн авто машиныг жолоодож буй хүн бүр даатгал хийлгэхийг шаарддаг учраас жолооч нараас давхардуулан даатгалын хураамж, төлбөр авдаг болохыг мөн дурдсан. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй хүн бүр даатгалтай хэмээн тооцогдохыг хүсвэл даатгалын суурь хураамжийг 1.5 дахин нэмэгдүүлсэн байдлаар тооцож буй нь зохисгүй хэмээн үзжээ.
Төсөл санаачлагчид нэн тэргүүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг ашгийн бус этгээд эрхлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Энэ төрлийн үйлчилгээнд төрийн оролцоо байхгүй, харин ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэхээр томьёолсон гэдгээ онцлов. Түүнчлэн жолоочийн хохирлыг үнэн зөв тодорхойлох; нөхөн төлбөрийг бүрэн олгох; амь нас болон эрүүл мэндэд хохирол учраагүй, талууд маргаагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгож байх; ослын нөхцөл, шалтгааныг тодорхойлох болон гэрээ байгуулахад заавал хувь хүний биечилсэн оролцоог шаардахгүйгээр цахимаар үйл ажиллагааг явуулах; жолооч хэмээн ойлголтын давхардалыг арилгаж тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа иргэн даатгал төлсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй иргэн бүр даатгалтайд тооцогддог байх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Харин хувь хүн, хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, түрээсийн гэрээ гэх мэт гэрээний үндсэн дээр түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох тохиолдолд тухайн жолооч хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байх зохицуулалтыг тусгасан гэдгээ онцоллоо.
Хохирлын нөхөн төлбөрийг шуурхай олгох, эсвэл засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулж, холбогдох төлбөр нь даатгалын байгууллагаас засварын төвд шилждэг байх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн есөн жилийн хугацаанд нийтдээ 231 мянган хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бол нийтдээ 1 сая орчим жолоочоос 230.5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн гэдэг тооцоог Т.Аюурсайхан гишүүн танилцуулав. Энэ төрлийн даатгалын үйл ажиллагааны цаана төрийн бодлого, зам тээврийн ослыг бууруулах салбарын бодлого байдаг ч ашгийн төлөөх болгон гажуудуулснаар эдгээр нь орхигддог гэлээ. Тиймээс энэ төрлийн даатгалын үйлчилгээг эрхэлж олсон орлогыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох чиглэлээр зарцуулахаар холбогдох төслийг боловсруулан УИХ-ын нэр бүхий 20 гишүүн өргөн мэдүүлсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, Т.Аюурсайхан гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.
Х.Ганхуяг гишүүн хуулийн төслийн зорилгын талаар тодруулахад “Одоогийн байдлаар даатгалынхаа нөхөн төлбөр авахыг хүссэн жолоочид зарим компани 28 төрлийн нөхцөл, шаардлагыг тавьж, бүрэн хангасан тохиолдолд нөхөн төлбөрийг дутуу хагас, чирэгдэлтэй олгож байгаа. Нөхөн төлбөрөө авахыг хүсвэл оноо хасуулах, торгууль хүлээх зэргээр заавал захиргааны хариуцлага хүлээсэн байх ёстой болдог. Тэгэхээр энэ байдлыг өөрчилж, албан журмын даатгалд хамрагдсан даатгуулагч нөхөн төлбөрөө шуурхай, бүрэн авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын “албан журмын” даатгал гэдгийг анхаарах ёстой. Төр албадлагын журмаар жолооч иргэдээс төлбөр, хураамж авч байгаа учраас тэдгээрийн эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийг зарцуулах учиртай. Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх гэх зэрэг. Өнөөдөр энэ бүхэн хангалтгүй байгаа” гэдэг хариултыг Т.Аюурсайхан гишүүн өглөө. Түүнчлэн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ганц энэ биш олон төрлийн даатгалын үйлчилгээ эрхэлдэг. Гэтэл зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь ашгийн бус үйлчилгээ үзүүлэгч хариуцахаар шилжүүлэхэд тухайн салбар, байгууллага хүндрэлд орж, дампуурах хэмжээнд хүрч байгаа бол энэ нь асар их ашиг орлого олж байсны илрэл гэж шууд ойлгогдож байгааг хэлэв. Өөрөөр хэлбэл, даатгалын салбарын эрүүл бус тогтолцооны илрэл, бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ямар ч ашиг орлогогүй, салбарын хөгжил дэвшил зогсонги байдалд орсон, ердөө төрийн оролцоо, дэмжлэгээр өнөөдрийг хүрсэн байхуйц харагдаж буйг Т.Аюурсайхан гишүүн хариултдаа онцолсон. Жолоочийн албан журмын даатгалын үйлчилгээг эрхэлснээр ашиг орлого олоод, бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт нь орхигдсон юм бол хуулийн төсөл батлагдсан тохиолдолд даатгалын салбарын хөгжилд ч зохих хувь нэмрээ оруулна хэмээн төсөл санаачлагч хэлж байлаа. Сайн дурын арилжааны даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шударгаар өрсөлдөх бололцоо бүрдэнэ гэв.
Ашгийн төлөө бус даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хангалтгүй, даатгуулагчид нь сэтгэл дундуур байдаг, төсөл дэх зохицуулалт, бодлогын өөрчлөлтийн үр дүнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ч энэ байдалд хүрэх вий гэдэг болгоомжлол төрж буйгаа Х.Ганхуяг гишүүн хэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ш.Адьшаа нар мөн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн тодруулсны дагуу даатгалын үйлчилгээ эрхлэгч нь төрийн оролцоогүй, ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн этгээд байна гэдгийг тайлбарлав. Захиргааны ерөнхий хууль дахь “…ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэдэг нь захиргааны үйл ажиллагааг гэрээнийн үндсэн дээр эрхэлж буй этгээд болохыг тайлбарлав. Эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангаас өөр, даатгал төлсөн иргэд л нөхөн төлбөр авахаар төсөлд тусгасан талаар дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос зарим тоон мэдээллийг танилцуулсан. 2021 оны гуравдугаар улирлын байдлаар гурван сувгаас (даатгалын компани, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч) төвлөрч буй жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж нийтдээ 28.8 тэрбум төгрөг байгаа аж. Харин нөхөн төлбөрт 11.7 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо бий, хүлээгдэж буй дүн гэдгийг онцолсон. Бусад зардал буюу даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн шимтгэлд 4.3 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооны санд 534 сая төгрөг төвлөрүүлж, 6.1 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардал болдог гэв. Гэхдээ 6.1 тэрбум төгрөгийн энэхүү зардал нь зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлсний зардал биш гэдгийг тодотгож байлаа. Даатгалын зах зээлийн хураамжийн 15.4 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эзэлдэг, нийт олгож буй нөхөн төлбөрийн 26.9 хувийг эзэлдэг байна. Нийт даатгалын гэрээний 57.1 хувь нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байдаг аж.
Санхүүгийн зохицуулах хорооноос Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгөв. Төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулагдан, бүх талыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, төсөл дэх зарим зохицуулалтыг өөрчлөх, сайжруулах боломж бий гэдгийг мөн төсөл санаачлагч хариултынхаа явцад хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төрөөс гаргасан шийдвэрийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудын эрхэлж буй үйл ажиллагаанд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй ч өнгөрсөн есөн жилийн хугацаанд хөгжсөн, 5000 орчим ажилтантай энэ салбарын тодорхой төрлийн үйл ажиллагааг сааруулах бодлого, шийдвэрийг гаргах нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин асуудлыг шийдвэрлэх зорилгоор нээлттэй, чөлөөтэй хамтран, буруу дутууг нь өөрсдөөр гүйцэтгүүлэх, сайжруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.
Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Дараа нь санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 64.3 хувь нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.