Хавдрын эмчилгээнд шинэ эринийг авчрах мРНХ технологи

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-11-08 12:30:18

Дохиолол хангинана. Эрчимт эмчилгээний тасгийн эмч нарын баг зүрхний цочмог шигдээс болсон өвчтөнийг хүлээн авахаар бэлтгэж байна. Титэм судаснуудын нэгийг нь бөглөсөн цусны бүлэгнэлийг арилгах шаардлагатай болсон энэ үед секунд бүр үнэтэй. Хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй хүндрэлийг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд зүрхний шинэ судсыг бий болгох шаардлагатай болжээ. Үүний тулд эмч нар генийн рецептийг шууд зүрхэн дотор суулгахаар ажиллаж байгаа тухай сонирхолтой өгүүлэл Шведийн Svenska Dagbladet сонинд нийтлэгдсэн байна.  


Үүнийг уншаад та шинжлэх ухааны уран зөгнөл гэж бодож магадгүй. Харин эм үйлдвэрлэгч Astra Zeneca ба Moderna Therapeutics компанийн судалгааны багийн хувьд энэ бол 2013 оноос хойш хэрэгжүүлж буй бодитой төсөл юм. Тодорхой хэлбэл, зүрхийг өөрөөр нь “нөхөн сэргээлгэх”-эд мРНХ /рибонуклейн хүчил/ технологийг ашигласан туршилт чухам тэр үед эхэлжээ. Рибонуклейн хүчил гэдэг нь полимерыг бүрдүүлдэг олон нуклеотидуудаас бүрдсэн нуклеиний хүчил юм.


Энэ бол Ковид-19-ийн эсрэг Pfizer/Biontech, Moderna вакцинуудыг гарган авахад ашигласан технологи бөгөөд гол зарчим нь эмийг бие организмын өөрийнх нь дотор үйлдвэрлэхэд оршино.


мРНК /м-матрицын/ технологийн тусламжтайгаар генийн рецептийн хуулбар буюу уургийг бий болгогч ДНХ-ийн кодыг эсүүд рүү илгээнэ. Эсүүдийн дотор рецептийг “тайлж уншсанаар” бие организм өөрөө уураг ялгаруулж эхэлнэ. Ковидын эсрэг вакцины хувьд энэ бол коронавирусний гадаргуугийн уураг, харин зүрхний эмчилгээнд – энэ бол шинээр судас бий болгоход шаардлагатай судасны эндотелиал өсөлтийн хүчин зүйлийг хариуцдаг (VEGF-A) уураг юм.   


Өвчтөнүүдэд ийм төрлийн эмчилгээг хийхийн тулд эмнэлзүйн туршилтууд явуулах ёстой. Тухайлбал, саяхан титэм судас залгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийг оролцуулан хоёр дахь шатны судалгааг хийж дуусчээ. Судалгааны дүнд дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд үр дүнг нь ойрын 6 сарын дотор анагаах ухааны сэтгүүлд нийтлэх болов уу. 


“Уг эмчилгээний аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй, цаашдаа ирэх оны эхээр илүү өргөн хүрээтэй судалгаа хийнэ” гэж Astra Zeneca компанийн зүрх-судасны тогтолцооны физиологич Регина Фриче-Даниэльсон ярьж байна.

Бие организмаар өөрөөр нь хэрэгтэй уургийг нь үйлдвэрлүүлэхийн тулд мРНК технологийг ашиглах санаа бол шинэ зүйл биш. Тухайлбал, ДОХ, эбола, зика вирусуудын эсрэг мРНК-д суурилсан вакцин гарган авах судалгаа шинжилгээний ажлыг олон жилийн турш хийж байна. 


Харин цар тахлын үед коронавирусний эсрэг вакцин гарган авснаар мРНК технологийн хөгжилд асар том дэвшил гарсан бөгөөд ингэснээр эм гарган авахын тулд генийн инженерингийн аргыг хэрэглэх нь ихээхэн ирээдүйтэй болохыг харууллаа. Каролины хүрээлэнгийн молекул генетикийн профессор Эдвард Смитийн ярьснаар, вакцин гарган авах тал дээр мРНХ технологийг ашиглах нь илүү үр дүнтэй ажээ.


“мРНХ маш хурдан задардаг, гэхдээ дархлааны тогтолцоог идэвхжүүлэхийн тулд богино хугацаанд түүнийг ашиглах нь маш сайн үр дүнтэй. Хурдан задардаг учраас ул мөр үлдээхгүй, дархлааны хариу урвал удаан хугацаанд хадгалагддаг нь гол үр дүн” гэдгийг Э.Смит хэллээ.


Түүнээс гадна, мРНХ технологийн тусламжтайгаар одоо хэрэглэж буй вакциныг маш хялбархнаар хурдан өөрчлөх боломжтой. Хэрвээ таны генийн код тодорхой байгаа л бол мРНХ-ийн ямар ч дарааллыг тодорхойлж болно. Жишээ нь, мутацид орж буй вирусний хувилбаруудаас шалтгаалан ханиадны вакциныг жил бүр шинэчлэх тал дээр мРНХ технологи маш олон давуу талтай.  


Уламжлалт аргаар вакцин үйлдвэрлэхэд цаг хугацаа ихээхэн алддаг бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад ханиадны улирал эхлэх үед вакциныг бэлэн байлгахын тулд оны эхээр үйлдвэрлэж эхлэх жишээтэй. Түүнээс гадна, тухайн вакцин нь вирусний ямар омог хувилбараас хамгаалах вэ гэдэг нь үйлдвэрлэлийн эхний үе шатанд тодорхойгүй байдаг ба зарим үед үүнийг таамгаар тодорхойлох тохиолдол ч бий.

 


Одоогийн байдлаар, эм үйлдвэрлэгч гурван компани ханиадны эсрэг мРНК-вакцины клиник туршилтыг хийж байгаа бөгөөд тэдний хооронд маш ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Учир нь, аль урьтаж гаргаж авсан нь их хэмжээний мөнгө олно.


Ташрамд дурдахад, хэдийгээр олон арван жилийн турш судалгаа хийж байгаа боловч амьсгалын замын синциталь вирусний эсрэг вакциныг өнөөг хүртэл гарган авч чадаагүй байна. Энэ вирусээр халдварласан ихэнх хүн хамрын ханиад төдий хүрээд өнгөрдөг бол дархлаа нь суларсан өндөр настнууд, бага насны хүүхдүүдын хувьд амь насанд нь аюул учруулж магадгүй. Учир нь, уг вирус амьсгалын доод замыг маш хүчтэй үрэвсүүлдэг байна. Энэ тал дээр маш олон судалгаа хийгдэж байгаа бөгөөд хэд хэдэн төрлийн вакцин гарган авахаар ажиллаж байна. 


Түүнээс гадна, хорт хавдрын эмчилгээнд мРНК технологийг ашиглах нь ихээхэн найдвар төрүүлж байна. Коронавирус, синциталь вирусийн эсрэг дархлааг идэвхжүүлдэг уургийг бие организм ялгаруулж чадаж байна гэж үзвээс хорт хавдрын эсрэг хамгаалалтыг ч мөн адил үүсгэх боломжтой. Ийм төрлийн вакцинууд нь арьсны хорт хавдар гэх мэт мутацид ордог өвчний үед илүү үр дүнтэй гэж үздэг. Учир нь, хавдрын эсүүдэд хэдий чинээ олон генийн өөрчлөлт гарна, дархлааны тогтолцоо тэдгээрийг төдий чинээ хялбархан танина.  


Хорт хавдрын эсрэг вакциныг гарган авахын тулд өвчтөнөөс хавдрын эсийн дээжийг авч, түүний мутацуудыг судална. Дараа нь тухайн мутацад тохирсон мРНК-г бий болгоод тодорхой мэдээллийг агуулсан вакциныг өвчтөний биед тарина. Ковид-19-ийн эсрэг вакцины үйлчлэлтэй адилаар бие организм уураг ялгаруулах ба дархлааны систем нь дархлааны эсүүдийг үйлдвэрлэж эхэлнэ. Эдгээр эс нь тодорхой мутацид орсон хавдрын эсүүд рүү довтолно. Өөрөөр хэлбэл, вакциныг тодорхой нэг өвчтөний хэрэгцээ шаардлагад тохируулж үйлдвэрлэнэ гэсэн үг.

“Гэхдээ ижилхэн мутациудтай, өөр өөр хэлбэрийн хорт хавдраар өвчилсөн хүмүүс олон байдаг учраас шинээр гарган авах вакциныг зөвхөн тодорхой өвчтөнүүд гэлтгүйгээр маш олон хүнд тарих боломжтой” гэдгийг Э.Смит хэллээ.  


Ингээд мРНХ нь бие организмын эсүүдэд ямар шат дарааллаар уураг болж хувирдаг тухай өгүүлье.

1. мРНХ-ийн дарааллыг өөх тосны жижиг хэсэг дотор савлана. Өөх тосны хамгаалалт байхгүй бол мРНХ шууд задарч, алга болдог. мРНХ-ийг эс хүлээн авах боломжтой болгохын тулд “өөхөнд боох” шаардлагатай.  

2. Эндоцитоз гэдэг эсийн мембран бүхий өөхийг “хайлуулах замаар” эсүүд мРНХ-г барьж авдаг.

3. мРНХ-г агуулсан өөхөн хэсгүүд шингэж ууссаныхаа дараа эндосом гэж нэрлэгддэг онцгой төрлийн хөөс болж хувирна.

4. мРНХ-ийг тайлж уншиж, түүгээр уургийг үйлдвэрлүүлэхийн тулд мРНХ нь эндосомоос эсийн дотоод цитозоль руу шилжсэн байх ёстой.

5. Цитозоль дотор мРНХ-ийн генийн рецептийг тайлж уншиж, уургийг нийлэгжүүлдэг рибосома гэдэг эс бий.


Ингээд уураг бэлэн болно.


Саяхан арьсны хорт хавдартай 120 өвчтөнийг оролцуулсан хоёр дахь шатны эмнэлзүйн туршилтын явцад тэдэнд мРНХ технологид суурилсан вакциныг тарьсан байна. Үүнтэй бараг зэрэгцээд шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөн тус бүрийн онцлогт тохируулсан мРНХ вакцины эхний шатны туршилт эхэлжээ. Эдгээр судалгааг Германы Biontech компани явуулж, мРНХ технологийг ашиглан хорт хавдрын эсрэг вакцин гарган авахаар олон жилийн турш ажиллаж байгаа юм. Америкийн  Pfizer-тай хамтран ковидын эсрэг вакцин гарган авсан гэдгээр нь Biontech-ийг хүмүүс сайн мэднэ. 


мРНХ технологийг ашиглах тухай сэдэв бол маш чухал гэдэг нь маргаангүй. Гэхдээ уг технологийг ашиглан чухам хэдий тооны эмийг гарган авахаар ажиллаж байна вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Энэ оны 7 дугаар сард Nature сэтгүүлд нийтлэгдсэн тоймд дурдсанаар бол, 30 гаруй эм үйлдвэрлэгч компани 180 орчим төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тэдгээрийн 60 хувь нь урьдчилан сэргийлэх, эмчлэх вакцинууд, бусад нь янз бүрийн генийн өвчнийг анагаахад зориулсан эмнүүд юм. 


Гэхдээ чухам ямар өвчнийг эмчлэх чиглэлд уг технологи илүү үр дүнтэй вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас эрдэмтэд нэлээд хүнд бэрхшээлтэй тулгарсан хэвээр. Жишээ нь, яг хэрэгтэй эсүүд рүү нь мРНХ-ийг чиглүүлэх боломжийн тухай асуудал бий. Нөгөөтэйгүүр, мРНХ маш хурдан задардаг сул талтай. Ийм учраас Ковид-19-ийн эсрэг вакцин, мРНХ технологийн шинэ эмнүүдийн аль алиныг тодорхой туршилтанд оруулах ёстой.


мРНХ-ийг ашиглан “жагсаалаас гарсан зүрхийг засварлах” туршилтууд үргэлжилсээр байна. Шигдээсийн дараа зүрхний дутагдалд орсон өвчтөнүүдийн хувьд, уураг /судасны эндотелиал өсөлтийн хүчин зүйлийг хариуцдаг/ үйлдвэрлэх зориулалттай мРНХ-ийг катетераар дамжуулан авч болох юм. Ялангуяа эмчлэх ямар ч аргагүй болсон зүрхний өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийг, зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг дааж чадахааргүй болсон хүмүүсийг энэ технологи аварч магадгүй гэсэн итгэл найдвар бий хэмээн судлаач Регина Фриче-Даниэльсон ярилаа.  


Б.Адъяахүү

Эх сурвалж: Svenska Dagbladet сонин, inosmi.ru

Холбоотой мэдээ