Ототакэ Хиротада: Хөгжлийн бэрхшээл зүгээр л саад, азгүйтэл биш

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-01 14:38:55

Төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн ч азгүй хувь тавилан хэмээн сөхрөлгүй, амжилтад хүрч, хэвлүүлсэн ном нь 6 сая гаруй хувь хэвлэгдэж бестселлэр болсон Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч...” ном Монголын уншигчдын гарт очлоо.

Тэрбээр Монголд хүрэлцэн ирж өнөөдөр Азхур номын их дэлгүүрт энэхүү номын албан ёсны нээлтээ хийв. “Болорсудар” хэвлэлийн газраас зохиолчийн Японд хэвлэгдэн гарсан “Мөчгүй миний амьдрал” номыг Л.Нарантуяагийн орчуулснаар хэвлэх албан ёсны зөвшөөрлийг авч ийнхүү олны хүртээл болгожээ.

Зохиолч хэлэхдээ, “Би төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн. Намайг  хараад ээжийг цочирдох байх гээд ээжид харуулалгүй сар болсон гэдэг. Сарын дараа эмнэлгээс ээжтэй минь уулзуулахдаа цочролд орох байх хэмээн ор, эм зэрэг бүхий л бэлтгэлийг базаажээ. Гэтэл ээж маань намайг хараад “Ямар хөөрхөн юм бэ”  гэж дуу алдсан гэдэг. Хэрвээ ээж анх намайг харахдаа тэгж хүлээж аваагүй бол амьдрал минь эсрэгээрээ эргэх байсан биз ээ. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол зүгээр л саад. Харин азгүйтэл биш. Миний ном гарснаас хойш 17 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд нөлөөлж чадсан. Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авах ойлголт болон тэдний амьдрах нөхцлийг сайжруулахад маш том өөрчлөлт авчирсан. Монголд ч бас тийм өөрчлөлт бий болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уг номыг монгол хэлнээ орчуулсан Л.Нарантуяа, “ Би энэ номыг японд байхдаа уншаад монгол хэлнээ хэзээ нэгэн цагт орчуулна даа хэмээн өөртөө амласан. Энэ номыг эцэг эхчүүд хүүхдүүдээ авч өгөөсэй. Амьдрал ямар сайхан гэдгийг өөрийн биеэр баталж яваа Ототакэ зохиолчийн ном хүн бүрт маш их зүйлийг ухааруулан урам зориг өгнө гэдэгт найдаж байна” гэв.

Тус номоос өөрийн туулж босгосон амьдрал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохиолдох хэцүү бэрхийг хэрхэн давж чадсан түүний намтар, түүхтэй танилцах боломжтой. Мөн Япон ард түмний ажилч хичээнгүй зан, цаг баримтлах нарийн ухаан, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд бага сургуулиас эхлээд анд нөхөд, хүрээлэн буй орчин нь хэрхэн нээлттэй хандаж буйг харуулна. Одоогоос 17 жилийн өмнө Японы алдартай Васэдагийн их сургуулийн оюутан байхдаа бичсэн зохиолчийн өөрийн намтар бүхий эл ном нь Япон улс төдийгүй гадаадын олон хэлээр хэвлэгджээ.

Тэрээр их сургуулиа төгссөний дараа спортын гайхамшгийг сурталчлахыг хүсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн "NUMBER" цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлжээ. Түүнчлэн Сидней, Афины олимп, Япон БНСУ-ын хамтарсан World Cup зэрэг томоохон спорт, тэмцээнийг талбар дээрээс нь сурвалжилж байв.

Нээлтийн үеэр Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийв. Мөн тэрээр өнөөдөр 19:00 цагаас өөрийн ажил амьдралын туршлагаас сэдэвлэсэн “Амьдрал ямар сайхан гээч...” лекцийг Тусгаар тогтнолын ордонд үнэ төлбөргүй унших юм.

Нэг ном тус бүрийн 10 хувийг Азхур компанийн “Сайн үйлсийн хандив”-ын санд хуримтлуулан, хараагүйчүүдэд зориулсан мэдэрч уншдаг брайль үсгээр хэвлэсэн ном бүтээж, зорилтот бүлгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хандивлахыг тэрбээр хүсчээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд