Монгол Улсын иргэдийн мэдээллийг худалдана гэсэн зарыг ТЕГ шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-13 15:50:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллароор худалдана гэсэн зар www.raidforums.com вэбсайтад өнгөрсөн сарын 6-нд байршсан ба уг хэргийг тагнуулын байгууллага судалж байна.


ТЕГ-ын мэдэгдэлд, "Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.


Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна" гэжээ.

Холбоотой мэдээ