Аймгийн заан М.Лхагвагэрэл “Цэргийн арслан” боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн “Бүх цэргийн наадам”-ыг МҮБХ, БХЯ, “Алдар” СХ-той хамтран өчигдөр амжилттай зохион байгуулсан бөгөөд барилдаанд түрүүлсэн бөхийн шагналыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардууллаа.
Барилдаанд цэрэг, хүчний
5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх
зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" СХ, Даян дэвжээний бөх,
аймгийн заан М.Лхагвагэрэл 8 даван түрүүлж "Цэргийн арслан" цолны
эзэн боллоо.
Булган аймгийн Орхон сумын
харьяат, “Хилчин” СХ, “Булганхан дэвжээ”-ний бөх, аймгийн арслан Энхбатын
Сумьяабат үзүүрлэн “идэвхэт” чимэг нэмсэн бол Их шөвөгт шалгарсан Төв аймгийн
Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн хурц
арслан Э.Ууганбаярт “Цогт” чимэг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат,
Хилчин СХ, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрахад
“хичээнгүй” чимэг тус тус олгов.
Харин тав даван шөвгөрч, дунд шөвгийн наймд үлдсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Хилчин" СХ-ны бөх, сумын харцага Б.Бат-Эрдэнэ "Цэргийн начин" цол хүртсэн бол, аймгийн арслан Т.Довчинсэмбээд "өлзийт”, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, аймгийн заан Б.Түвшинтөгст "өрнөх" чимэг тус тус нэмлээ.
Цэргийн начин цол
хүртсэн Б.Бат-Эрдэнэ нь анх удаа бөхийн өргөөнд зодоглоод ийнхүү шинэ цолд
хүрсэн нь онцлон дуулгах сонин байлаа. Тэрбээр чөлөөт бөхийн ОУХМ бөгөөд нэгийн
даваанд а.а Д.Тогтохжаргал, хоёрт а.х.а Э.Даваажаргал, гуравт а.х.а М.Адьяахүү,
дөрөвт а.х.а Б.Номиндалай, тавд а.х.а Г.Өсөхбаяр нарын шилдэг бөхчүүдийг өвдөг
шороодуулан ийнхүү цолд хүрсэн юм.
Барилдааны үеэр 1992 онд анхны Бүх цэргийн наадамд түрүүлсэн Улсын начин С.Дэлгэрбат, мөн анх удаа буюу 2000, 2001 оны цэргийн наадамд дараалан түрүүлж байсан улсын начин Д.Цогзолдорж нарт БХЯ, “Алдар” спорт хорооноос хүндэтгэл илэрхийлсэн юм.