Америкийн сэтгүүлч Д.Фенстерийг Мьянмарын шоронгоос суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЕЙПИДО. /Reuters/.
Америкийн сэтгүүлч Дэнни Фенстерийг Мьянмарын
шоронгоос даваа гарагт суллажээ. Түүнийг АНУ-ын дипломатч асан Билл Ричардсон
Мьянмарын эрх баригч цэргийн хунттай хэлэлцээ хийсний дараа ийнхүү сулласан
байна.
Өнгөрсөн баасан
гарагт “Frontier Myanmar”
цахим сэтгүүлийн ерөнхий редактор Д.Фенстерийг цагаачлалын болон жагсаал
цуглаан хийх тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, 11 жилийн хорих ял оноосон нь олон улсын
шүүмжлэлийг дагуулсан юм.
Д.Фенстер нь Мьянмарт
энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтээс хойш баривчлагдсан олон
арван сэтгүүлчийн нэг бөгөөд Янгон хотын олон улсын нисэх буудлаас тавдугаар
сард баривчлагдаж, 176 хоног хоригдсон байна.
АНУ-ын Конгрессын
гишүүн асан, Нью-Мексико муж улсын захирагчийн албыг хашиж байсан Б.Ричардсон Мьянмарын цэргийн
хунтын удирдагч Мин Аун Хлаинтай биечлэн уулзжээ. Мьянмарын төрийн өмчит телевизийн
мэдээлснээр, сэтгүүлчийг Б.Ричардсон, Японы хоёр байгууллагын
төлөөлөгчдийн хүсэлтээр “хүмүүнлэгийн үндэслэлээр” суллажээ.