Тахилгын шилдэг зан үйлтэй уулаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-17 14:03:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Байгаль, соёлын өвийг хамгаалах сан, Соёлын өвийн төв, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран "Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье" уралдааныг зарласан. Тус уралдаанд Сүхбаатар сумын Дарханхаан уул “Тахилгын шилдэг зан үйлтэй уул”-аар шалгарчээ.

Уралдаанд 21 аймаг, 360 сумаас бүтээлээ ирүүлжээ. Шилдэг зургаан номинаци, 15 тусгай байрыг шалгаруулсан бөгөөд шилдгүүдэд Ховд аймгийн Дуут сумын "Баянбулаг" уул, Төв аймгийн Баянцагаан сумын "Зогсоол уул", Хөвсгөл аймгийн Чандмань сумын "Хөхөө толгой", Дорноговь аймгийн Эрдэнэ сумын "Өлзийт хайрхан" уул овоод тус тус шалгарсан байна.

Дарханхаан уул буюу Баянтүмэнмөнх уул нь Хатагин хошууны тахилгат хайрхан. Дорнод аймгийн Матад сумын Матадхаан уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотолхаан уултай ах дүү гэдэг домогтой. Тус уулын эзэн нь есөн цагаан морьтой баатар байдаг ба Далх есөн тэнгэр гэж ч нэрлэдэг. Манжийн үед Дарьганга хошууны мал шуурганд уруудаж ирээд, нөмөрт нь тогтож, аврагдсан тул 1863 оны үед Дарханхаан цол олгож, түүнээс хойш нутгийн иргэд Дархан цолт уул хэмээн хайрлан, хамгаалж иржээ.

УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны 57 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 1464 га газрыг хамарсан, сүрлэг сайхан тогтоцтой, олон төрлийн ургамал, ан амьтдаар баян хайрхан юм.

Шилдгээр шалгарсан Дарханхаан уулын тухай бүтээлийг Сүхбаатар сумын Соёлын төвийн хамт олон гардан гүйцэтгэжээ.

 

 

 

Холбоотой мэдээ