Органик үйлдвэрлэгчид чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-23 08:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Органик үйлдвэрлэгчдийн V чуулган энэ сарын 30-нд болно.


ХХААХҮЯ, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, “АДРА Монгол” ОУБ, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран цахимаар зохион байгуулах юм.


Чуулганыг угтан Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс энэ сарын 29-нд хөрсний чанарыг сайжруулах, органик бордооны үйлдвэрлэлийг дэмжихээр “Хөрсний үржил шим-Органик бордоо” сургалт хийж, органик бордоо үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэж буй бордоогоо танилцуулна.


Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn ашиглалтад оржээ. Одоогоор органик хүнсний бүртгэл, мэдээллийн 420 органик, шилжилтийн үеийн органик хүнс, импортын 35 хүнс бүртгэлтэй байгаа аж.


УИХ, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хууль, дүрэм журмыг баталж, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “...органик хүнсний хэрэглээг дэмжих, мал аж ахуйн органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэх, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээ бий болгох, органик бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх” зорилт тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монголд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг ХХААХҮЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ