"Утгын чимэг-2021" наадамд “Агь нүдэлж байлаа” өгүүллэг түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2021-11-23 10:27:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын Эвлэл, Соёлын яам, МҮОНРТ хамтран шилдэг богино өгүүллэгийн "Утгын чимэг-2021" наадмыг Монголын Хүүхэлдэйн театрт өчигдөр зохион байгууллаа.

 

Энэхүү наадмын тэргүүн байрт П.Батхуягийн Агь нүдэлж байлаа, дэд байрт Д.Цэнджавын Хийлч, гутгаар байрт М.Эрдэнэбатын Зүүдэлсэнгүй явлаа, дөтгөөр байранд Б.Цоожчулуунцэцэгийн Ах, тусгай байранд С.Пүрэвсүрэнгийн Шаазгай үрзэрэг бүтээл шалгарав.

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төрийн шагналт зохиолч Сономын Удвалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус наадмын үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг МЗЭ-ийн шагналт зохиолч О.Содномпил, Н.Сүхдорж, Р.Батжаргал нарт хүртээлээ. Мөн "Сономын Удвал 100" түүхэн зургийн альбом, номыг нээж Үндэсний төв номын сан, С.Удвал сан болон ном бүтээгчдэд гардуулсан юм.

 

Ташрамд дурдахад, "Утгын чимэг-2020" наадамд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэг магнайлж, МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулгын “Хонхор газар” өгүүллэг удаалж, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуягийн “Төлөө” өгүүллэг гутгаар байранд орсон юм. Түүнчлэн МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн “Амьдын хорвоо” өгүүллэг дөтгөөр байр, МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Ганболдын “Уулын мухарт” өгүүллэг тавдугаар байрт шалгарч байв.

Холбоотой мэдээ