Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын хойд хилийг эргэж хилчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-23 12:58:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд Хөвсгөл аймгийн ажилтай танилцаж байгаа бөгөөд өнөөдөр улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа.


Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.



Хилчин цэрэг эрсийн ач буянаар Монгол Улсын 3.3 сая хүн тайван амгалан амьдарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх хэлээд, нийт хилчид болон гэр бүл, төрөл төрөгсдөд нь сайн сайхныг хүсэн ерөөв.



Ерөнхийлөгч дараа нь Соёмбот хүрэл хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр зарлигаар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, монголчуудын түүх, соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдсэн Соёмбот хүрэл хөшөөг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуягаар бүтээлгэжээ.



Зүүн захын цэг Дорнод аймгийн Соёлз уулын Модтой хамар, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгой, баруун захын цэг Алтай Таван богд уулын Цаст даваа, хойд захын цэг Монгол шарын даваанд босгосон юм.

Холбоотой мэдээ