Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгэн дээвэр дор чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
naranmandukhai@montsame.gov.mn
2021-11-23 15:08:46

Дэлхийн хэвлэл мэдээллийн 4 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт “КОВИД-19-ийн нөлөөн доорх хэвлэл мэдээллийн төлөвшлийн стратеги”  сэдвээр БНХАУ-ын Бээжин хотноо  өчигдөр болж Монгол Улсыг төлөөлөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид оролцлоо.

Хятадын Синьхуа агентлагийн зохион байгуулсан энэхүү чуулганд  мэдээллийн агентлаг, телевиз, сонин, цахим хэвлэл, олон улсын байгууллага, НҮБ зэрэг дэлхийн 240 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид биечлэн болон цахим хэлбэрээр оролцлоо.

Чуулганы эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирүүлсэн баярын илгээлтийг Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, тус намын төв хорооны сурталчлах хэлтсийн дарга Хуан Күньмин уншиж танилцуулсан юм.

Баярын илгээлтэд, дээд хэмжээний уулзалтын үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрч, дэлхийн хэвлэл мэдээллийнхэн нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж, зөвшилцөлд хүрч, хүн төрөлхтний ирээдүйн төлөө хамтын нийгэмлэгийн байгуулалтаа сайжруулахыг хүсэж байна хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн сүүлийн 100 жилд ажиглагдаагүй дэлхий нийтийн өөрчлөлт, COVID-19 цар тахал нь хоорондоо уялдаатай байгаа тул зөвшилцлийг бий болгоход хэвлэл мэдээллийн үүрэг онцгой чухал болохыг тодотгов. Мөн хэвлэл мэдээллийнхэн бодитой, шударга байх зарчмыг баримталж, шинжлэх ухаанч, оновчтой дүгнэлт хийж, ташаа мэдээлэл, өрөөсгөл үзлийг дэвэргэлгүй, олон нийтийн мэдээллийн хариуцлагатай элч байж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

            Чуулганаар оролцогчид "Хэвлэл мэдээллийн хөгжил: Шинэ технологи, илүү сайн алсын хараа", "Хэвлэл мэдээллийн маркетинг: шинэ түнш, шинэ зах зээл", "Шинжлэх ухааны үзэл баримтлал ба хамтын ажиллагаа: Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариу арга хэмжээ", "Хэвлэл мэдээлэл: Соёл иргэншлийн гүүр" ба "Дэлхийн хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг" зэрэг таван үндсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөсөн юм.



Дээд хэмжээний чуулганы төгсгөлд  өвлийн спортын гэрэл зургийн уралдааны шагналыг зарлаж, хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд, КОВИД-19  цар тахлын эсрэг хамтдаа тэмцэн үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэл хуваалцахыг Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж, хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхны төлөө мэдээллийн хэрэгслийн эрх мэдэл, итгэлийг хамтдаа дэмжихийг оролцогчид уриаллаа. Мөн хэвлэл мэдээллийн салбарыг цаг үетэйгээ хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлт болон хөгжлийг хангахын тулд шинэ технологи ашиглахыг уриалж, хэвлэл мэдээллийн байгууллагууд интерактив үйлчилгээнд суурилсан, шинэ мэдээллийн технологи, зах зээлийг ашиглахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж дурджээ.

 

Анх удаа зохион байгуулагдсан өвлийн спортын гэрэл зургийн уралдаанд ОХУ-ын Спутник, ТАСС агентлаг АНУ-ын “Getty Images” агентлаг, Хятадын “Bandao Metropolis Daily” сонин, Францын  AFP агентлагийн гэрэл зурагчид түрүүллээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний чуулга уулзалтыг анх Синьхуа,  Ассошиэйтед Пресс, Ройтерс, ТАСС, Киодо Ньюс, ВВС зэрэг дэлхийн нөлөө бүхий есөн хэвлэл мэдээллийн байгууллага хамтран санаачилж, анхны чуулга уулзалтыг Синьхуа агентлаг 2009 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулж байжээ.  

 

 

 

Холбоотой мэдээ