С.Дарамдад: Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тарифаар борлуулалтаа хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-24 15:59:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Халаалт дулааны үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор тодруулга мэдээлэл авахаар Алтай хотын дулаан хангамжийн 90 гаруй хувийг хариуцдаг “Мандал Голомт” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Дарамдадтай ярилцлаа.

-2021 оны 11 дүгээр сарын 9-нөөс эхлэн халаалт дулааны үнэ тариф 200 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Ямар учраас үнэ нэмэх болсон талаар мэдээлэл өгнө үү?

-Манай компанийн хувьд 2006 оноос хойш дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаан зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшиж, өдгөө 1940 орчим айл өрх, 130 орчим аж ахуйн нэгж, 40 гаруй төсөвт байгууллагыг халаалт дулаанаар ханган ажиллаж байна. Энэ хугацаанд нэг удаа буюу 2016 онд үнэ тарифт өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр 2016 оны эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тарифаар борлуулалтаа хийж байсан гэсэн үг.

Ер нь үнэ тарифт өөрчлөлт оруулахыг манай байгууллага шийддэггүй. Бид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын дагуу л борлуулалтаа хийдэг гэсэн үг. Үүнийг хэрэглэгчид маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тус салбарыг алдагдалтай ажиллаж байгаа учир үнэ тарифтаа өөрчлөлт оруулан нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн бүх хангагч байгууллагуудаас үнийн санал авч хэлэлцэн баталсан.

-Тэгэхээр хэрэглэгчдийн халаалтын төлбөр энэ сарын 9-нөөс эхлэн шинээр баталсан үнэ тарифаар бодогдоно гэсэн үг үү?

-Тийм ээ. 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн өмнө мөрдөгдөж байсан үнэ хүчингүй болж шинэ тарифаар бодогдож эхлээд байгаа. Хэрэглэгч таны 11 дүгээр сарын халаалтын төлбөр 9-ний өдрөөс өмнөх нь хуучин тарифаар харин 9-өөс хойших нь шинээр батлагдсан тарифаар тооцогдон бодогдоно гэсэн үг.

-Айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мөрдөгдөх үнэ тариф хэдээс хэдэн төгрөг болж өөрчлөгдсөн бэ?

-Төсөвт байгууллагын хувьд өмнө нь  м3 нь 1800 төгрөг байсан бол 2070 төгрөг, аж ахуйн нэгжүүд м3 1800 төгрөг байсныг хэвээр үлдээж харин айл өрх м2 нь 560 төгрөгөөр бодогддог байсныг 800 төгрөгөөр тооцохоор  болсон. Мөн төсөвт байгууллагуудын хувьсах зардал 35117 төгрөг 4 мөнгө, тогтмол зардал нь 1152 төгрөг 3 мөнгө бол үйлдвэр аж ахуйн нэгжийн хувьсах нь 30536 төгрөг 9 мөнгө, тогтмол нь 1002 төгрөг. Харин айл өрхийн хувьд 41м2 хүртэл талбайтай айл өрх 3000 төгрөг, 41-81м2 талбайтай нь 5000 төгрөг, 81м2 аас дээш талбайтай айл өрх сард 10000 төгрөгийн үйлчилгээний тарифыг төлөхөөр тус тогтоол батлагдсан байгаа.

-Миний ойлгосноор төсөвт болон аж ахуйн нэгжүүд хувьсах зардал, айл өрхүүд үйлчилгээний хураамжийг м2-аас хамаараад нэмж төлнө гэсэн үг үү?

-Тийм ээ. Хувьсах зардал гэдэг маань тоолууртай аж ахуйн нэгж байгууллагуудад хамааралтай байдаг. Манай аймгийн тухайд дээрх тарифаар тооцогддог ганц хоёр аж ахуйн нэгж байдаг. Харин айл өрхийн хувьд хэрэв та халаалтын төлбөрт сард 30000 төгрөг төлдөг бол м2-аас шалтгаалаад суурь хураамж болох 3000-10000 төгрөг нэмж төлөгдөнө гэсэн үг. 

-"Ковид-19" цар тахлын энэ хүнд үед үнийг ингэж нэмж байгаа нь хэр оновчтой гэж үзэж байна?

-Цар тахлын үед нийгэм эдийн засаг  болоод иргэдийн амьжиргаа хүнд байгаа. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх үүрэгтэй гэж ч заасан байдаг.

Гэхдээ энэ үнэ тарифын нэмэгдлийг ЭХЗХ-оос  хэрэглэгчдэд борлуулах дулааны үнийг нэмж байгаа нь үнийн хөөрөгдөл биш бөгөөд зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн энэ үнэ тарифыг баталсан.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.


Холбоотой мэдээ