Багш, шавь хоёр Монголын цанын спортын түүхээр ном гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн спортын тамирчин, дасгалжуулагчийн өдрийн тэмдэглэлээс бүтээсэн ном болон Монголын цанын спортын үүсэл хөгжлийг судалсан судалгааны ажлын 2 номын нээлт ирэх даваа гарагт болно.
Монгол Улсын гавьяат тамирчин, 1980, 1984 оны өвлийн олимпын наадамд тамирчнаар, 1998, 2002, 2006, 2010 оны олимпын наадамд дасгалжуулагчаар оролцсон Л.Дорж Монголын цанын спортод өөрийн амьдралын 50 гаруй жилийг зориулсан билээ.
Түүний өдрийн тэмдэглэлээсээ сэдэвлэн бүтээгдсэн "Өвгөн жалга" дуртгал ном, мөн Л.Доржийн шавь ОУХМ Э.Очирсүрэн Монголд цанын спортыг үүсгэн хөгжүүлсэн түүхийг судалсан судалгааны ажлаараа нэг сэдэвт бүтээлийн номоо хамт олны хүртээл болгож байгаа ажээ.
Ташрамд дуулгахад, Монголын спортын сэтгүүлчид болон цанын спортыг
сонирхогч, дэмжигчдийг 11 дүгээр сарын 29-ний 16.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд
болох номын нээлтэд номыг бүтээгчид урьж байна.