БНСУ БНАСАУ-ын цөмийн байгууламжуудыг нягт ажиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-26 15:42:51

СӨҮЛ. /Yonhap/. "Манай улс БНАСАУ-ын цөмийн байгууламжуудтай холбоотой үйл ажиллагааг АНУ-тай хамтран нягт ажиглаж байна" гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамнаас өнөөдөр мэдээлжээ.  


БНАСАУ Йонбен цогцолбор дахь цөмийн реакторын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бололтой байна гэж Америкийн “38 North” цахим хуудас лхагва гарагт мэдээлсэн юм. Тодруулбал, хиймэл дагуулын саяхны зургуудаас үзэхэд таван мегаваттын хүчин чадалтай цөмийн реактороос уур савсаж буй байдал ажиглагдсан байна. 


Үндэстнээ нэгтгэх яамны дэд сайд Ча Дук Чюлаас энэ талаар тодруулахад, “тагнуулын мэдээллийг” батлахаас татгалзаад, Засгийн газар БНСУ-АНУ-ын нягт ажиллагааны хүрээнд БНАСАУ-ын цөмийн байгууламжуудтай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиглаж байгаа хэмээн хэлсэн байна.


Мөн Засгийн газар БНАСАУ 2017 онд тив алгасагч баллистик пуужин харвасан өдрийнхөө ойгоор /11 дүгээр сарын 29/ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эсэхийг судалж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн ердийн бус үйл хөдлөл ажиглагдаагүй байна гэжээ. 

Холбоотой мэдээ