Улсын харцага Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-29 18:31:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Нутаг орныхоо нэрийг гаргаж, гарамгай амжилт үзүүлэн барилдаж буй Улсын харцага Б.Орхонбаярт Цагааннуур сумын зон олон Ургацын баярын үеэрээ хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын харцага цол хүртсэн Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлж, улс, аймаг, сумын алдар цолтой 32 хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. Эл барилдааныг Монгол Улсын гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж захиралтай "Атар трейд" ХХК ивээн тэтгэжээ. Шинэ харцагадаа амжилт хүсч, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдээс орон сууц, Монгол Улсын гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж захиралтай "Атар трейд" ХХК-ийн хамт олон "Ланд-200" маркийн авто машинаар мялаасан байна.

Б.Орхонбаяр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цолны эзэн болсон юм. Тэрээр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлжээ. Мөн тэрээр улсын наадамд анх зодоглоод, 21 насандаа улсын начин болж гайхалтай амжилт үзүүлж байснаар нутгийнхан нь бахархдаг аж. Түүний энэ амжилтыг өмнө нь Дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй найман бөх давтаж байсан түүхтэй аж. Түүнчлэн Б.Орхонбаяр нь 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн Хурц арслан болж, аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болжээ. 


Холбоотой мэдээ