Онц шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-30 14:38:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын Омикрон хувилбар зарим улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалтад орж болзошгүй тул аль болох гадаадад зорчихгүй байхыг ГХЯ-наас өнөөдөр зөвлөлөө. 


Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн энэ сарын 25-нд анх омикрон хувилбарыг илрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар, ӨАБНУ, Ботсвана, Эсватини Улсад халдварын тохиолдолд бүртгэгдэв. Түүнчлэн Канад, Израил, Бельги, Герман, Итали, Нидерланд, Чех, Их Британи, Австрали, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.


Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкын улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байна.


Манай улсын хувьд, Улсын онцгой комиссын шийдвэрээр ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дээрх улсаас ирсэн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлахаар болсон юм.

Холбоотой мэдээ