Өсвөрийн парламентын гишүүдийг хүлээн авч уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-01 13:48:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 90 хүүхдийг оролцуулсан “Өсвөрийн парламент” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сурагч А.Онзул, Сант сумын сурагч Н.Энхжин, Сүхбаатар сумын сурагч Х.Хүслэн нарын гурван сурагч шалгаран оролцож байгаа ажээ. Эдгээр хүүхдүүдийг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзсан байна.  

Уулзалтын хүрээнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрт аймгаа төлөөлөн оролцож буй дээрх сурагчдад тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын эсрэг үеийнхэндээ ойлголт, мэдлэг өгөхөөс эхлээд үлгэрлэн дагуулахуйц бүтээлч ажил, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ хамтран ажиллах талаар амлалт бичигт гарын үсэг зуржээ. Өсвөрийн парламентын гишүүд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяагаас сонирхсон асуултаа асууж, хариулт авсан байна.

Улс даяар хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжихэд оршиж байна.  

Холбоотой мэдээ