Электрон спортын "Dota2" дээд лигийг Монголд зохион байгуулна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-02 14:21:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын электрон спорт /esport/-ын ууган бөгөөд хамгийн том холбоо МESA нь URG төслийн багтай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.


URG койн нь дэлхийд асар хурдацтай хөгжиж буй электрон спортын салбарт Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй баг тамирчдыг бүхий л талаар дэмжин ажиллах юм байна.


URG төслийн санаачлагч Т.Дөлгөөнтамир, Монголын электрон спортын холбооны ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун MESA-тай хамтран хэрэгжүүлэх эхний ажлуудаа танилцуулав.


Тэрбээр “Бид Монгол Улсын электрон спортын салбарыг хөгжүүлэхээр маш олон төрлийн үйл ажиллагааг шат дараатай явуулахаар төлөвлөөд байгаа. Эхний ээлжид Dota2 тэмцээний дээд лигийг улирлын турш хамтран зохион байгуулахаар ажилдаа ороод байна.


Энэхүү Dota2 тэмцээн нь урьд өмнө Монголд зохион байгуулсан тэмцээнүүдээс илүү өндөр түвшинд болох бөгөөд зөвхөн мэргэжлийн тодотголтой баг тамирчдыг хамруулж, esport-той холбоотой олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Жишээ нь, эхний шат онлайн, шалгарсан багууд бэлтгэж зассан студид тоглох, мөн багуудын тэмцээнийг кино театрын том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх зэргээр сонирхолтой хөтөлбөрүүд өрнөх болно.


URG DOTA2 league 2021 оны 12 дугаар сарын 15-наас 2022 оны 4 дүгээр сарын 15 -ны хооронд болох бөгөөд финалын тоглолтыг Steppe Arena-д олон улсын түвшинд зохион байгуулах юм. Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр цаашлаад баг тамирчдыг өөрийн гэсэн стандарттай болгон хөгжүүлэх, Монголын esport-ын баг тамирчдыг дэлхийд өрсөлдөхөд дэмжин ажиллаж, электрон спортын бизнесийн экосистемийг бий болгоно” гэв.


Ташрамд сонирхуулахад, URG койн гэж юу болох талаар товч танилцуулж байна. Дэлхий нийтэд блокчэйн технологийн хувьсал энтертаймент зах зээлтэй хослон иргэдийн амьдралд цоо шинэ өөрчлөлтийг, орлого өсгөх боломжийг авчирч байна. Энэхүү өөрчлөлтийг Монгол Улсын энтертаймент салбарт буй болгох нь URG койны үндсэн зорилго юм.


URG нь Монгол Улсын энтертаймент бизнесийн салбарыг дэлхийн түвшинд гаргаж, монгол залуусын цахим спортын хөгжлийг дэмжиж, Монгол Улсдаа дэлхийд тэргүүлэх технологийн дэвшлийг буй болгох, өдөр тутмын хэрэглээтэй, энтертайментын хязгааргүй сүлжээгээр дамжуулан орлого өсгөх койныг буй болгохоор зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ