"SpaceX" компани 50 хиймэл дагуул хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-12-03 11:38:04

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн  “SpaceX” компани “Starlink” сүлжээнийхээ 48 бичил хиймэл дагуул, мөн “BlackSky” компанийн хоёр бичил хиймэл дагуулыг пүрэв гарагт тойрог замд амжилттай оруулжээ.


Хиймэл дагуулуудыг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар АНУ-ын Зүүн эргийн цагаар 18 цаг 12 минутад хөөргөсөн байна. 


“Starlink” сүлжээ нь 260 кг жинтэй нийт 11 мянган хиймэл дагуулаас бүрдэх юм. “SpaceX” компанийн тооцоолсноор, хиймэл дагуулуудыг ашиглалтад оруулах зардал 10 тэрбум доллар болно. Сүлжээ ашиглалтад орсноор хэрэглэгчид 5G стандартад нийцсэн секундэд 1 гигабит хурдтай өргөн зурвасын интернэт ашиглах боломжтой болох юм. Америкийн “BlackSky” компанийн хиймэл дагуулууд нь 55 кг жинтэй бөгөөд оптик төхөөрөмжөөр тоноглогджээ.


“SpaceX” компани 2019 оны тавдугаар сараас хойш “Starlink” сүлжээний 1900 орчим хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна.


Холбоотой мэдээ