УИХ-ын Хүндэтгэлийн хуралдааныг Хархорин суманд зохион байгуулна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-03 14:17:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулахаар болжээ.

Монголчууд хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгож, Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн үйл явдлыг бахархан дурсах үүднээс Их Монгол Улсын нийслэл Хархорум хот буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хийх юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгийг ахлан бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах аж. Энэ үеэр хуралдаанаас гадна Орхоны хөндийн өв соёлын асуудлаар хэлэлцүүлэг хийх юм. 

Хуралдааныг МҮОНТ орон даяар шууд дамжуулна.

Холбоотой мэдээ