Төрийн худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-03 17:12:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын их танхимд болов. Үүгээр 717 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай мэдээллээ.


Сангийн яамны Хууль эрхзүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцуулахдаа, "Ирэх онд 543 барилга байгууламж, их засварын ажил, тоног төхөөрөмжийн 149 тендерийг зарлана. Эдгээрийн шалгаруулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний дотор зохион байгуулна. Бүх ажиллагааг цахимаар явуулна" гэлээ.


Үүнтэй холбогдуулан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан ААН-үүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай аж. Ирэх онд тендер зарлахдаа бичиг баримтуудыг нотариатаар батлуулахыг шаардахгүй, шалгарсан компанийн мэдээлэлтэй оролцогч байгууллагууд нээлттэй танилцахаар зохион байгуулахаараа онцлог юм байна.




Одоогоор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 ААН байгаа бөгөөд илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 ААН, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 ААН байна.




Хэлэлцүүлэгт оролцсон компани, ААН-ийн төлөөлөгч нар тендер шалгаруулалттай холбоотой саналаа хэлж, асуулт тавьж байвСаналуудыг дурдвал:

  • тендерт шалгарсан боловч газрын асуудлаас болоод гүйцэтгэл нь хойшилдог,
  • тендер зарлахаасаа өмнө газрын асуудлаа шийддэггүй,
  • үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг ч биелүүлдэггүй,
  • тендерийн хорооныхны хариуцлагыг нэмэгдүүлэх, оюуны өмчийг дээдлэх,
  • дотоодын давуу эрхийг тооцох,
  • төрийн худалдан авалтыг мэргэжлийн холбоодоор дамжуулан зохион байгуулахыг хэлж байв.



Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлэхдээ,  “Засгийн газрын 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газар 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэхээр байна” гэдгийг тодотгов.




Тэрээр, цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.



Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ