Орон нутагт анх удаа “Арт терапи” сургалт зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-04 17:00:20

Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжилтнүүдийн ажлын байран дахь стресс бууруулах, арт терапи арга зүй олгох гурван өдрийн сургалт Ховд аймагт боллоо.

Энэхүү сургалтын үйл ажиллагааг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулсан юм.  

Үүнд хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл болон сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцлоо.   

Тус сургалтын чиглүүлэгч багшаар Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн, арт терапист, нийгмийн ажилтан В.Бэрцэцэг, сэтгэл зүйч Р.Ханджамц нар ажиллав.

Тэд арт терапи буюу урлагийн сэтгэл засал, энэ үйлчилгээнд хэн хамрагдах боломжтой, зорилтот бүлгийн үйлчлүүлэгчидтэй ажиллах зорилгыг тодорхойлох, зохион байгуулах арга зүй, тэдэнтэй ажиллах үе шатын талаар мэдээлэл хийлээ.   

Мөн стресс хүний бие махбодид хэрхэн нөлөөдөг, үүнийг хэрхэн даван туулах талаар ярилцаж, оролцогчид дадлага ажлаар баталгаажуулав.

“Арт терапи” сургалт нь лекц, ярианы аргаас ялгаатай бөгөөд бүтээлч байх хэрэгслүүдийг түлхүү ашиглаж, ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, ажлын ачаалал, стрессийг бууруулах давхар зорилго тавьж ажилладаг бөгөөд сургалтаас сурсан арга зүйг өөрийн биеэр мэдрэх нь үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахад хялбар дөхөм болгодог гэж мэргэжилтнүүд хэллээ. 

Коронавирусний халдварын улмаас сүүлийн хоёр жил мэдээллээр тасраад байсан орон нутгийн нийгмийн ажилтан болон сэтгэл зүйч нарт энэхүү сургалтын үйл ажиллагаа томоохон цэнэг, ач холбогдлыг мэдрүүлж чадсан гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт хөгжиж эхэлсэн “Арт терапи” буюу урлагийн сэтгэл засал хэмээх мэргэжил манай улсад хөгжиж эхэлж байна. 

Урлагийн сэтгэл засал нь хүнд үгээр хэлж, тайлбарлахад хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж асуудлынхаа мөн чанарыг ойлгох, гарах гарцаа тодорхойлох, даван туулах чадвараа нэмэгдүүлэх, өөр асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг аж. 

Холбоотой мэдээ