Ховд аймгийн хүн ам 2021 оны байдлаар 90533 болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-06 12:27:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүн ам 2021 оны байдлаар 90533 болж, сүүлийн 10 жилд 13510 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хүний амьдрах хугацааг тодорхойлсон хүн амын дундаж наслалт 73.1 болж, улсын дунджаас 2.4 насаар дээгүүр, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 насаар өслөө.

Сүүлийн 10 жилийн дунджаар 1000 хүн амд ногдох төрөлт 27 байгаа нь  улс, баруун бүсийн дунджаас дээгүүр, тогтвортой түвшинд хадгалагдаж, цаашид хүн ам өсөх төлөвийг илтгэж байна.  

                                             

                                          2021 онд эрүүл мэндийн салбарт хийсэн онцлох ажил... 

Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймаг 2021 онд хүний хөгжлийн бодлогын хүрээнд Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн зарим ажлыг танилцуулж байна.   

Аймгийн нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрч, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, үйлчилгээ үзүүлэх талаар нэлээд ахиц гарч, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирч байгаа гэж албаныхан мэдээллээ.                                                   

Тус онд Жаргалант сумын Цамбагарав багт 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж, ашиглалтад орууллаа. Энэ барилга ашиглалтад орсноор жилд дунджаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг 2300 хүүхэд, багачууд орчин үеийн чанар, стандарт бүхий тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой.  

Алтай, Дөргөн, Мөнххайрхан сумын эмнэлгийн барилгын ажил 50-70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Дээрх барилга ашиглалтад орсноор сумдын эрүүл мэндийн төвүүд стандартын барилгаар бүрэн хангагдаж, цаашид өргөтгөх, засварлах асуудлыг эрэмбэ дараалалтай шийдвэрлэх аж.  

Эрүүл мэндийн яаралтай тусламжийн парк шинэчлэлийн хүрээнд Буянт, Эрдэнэбүрэн, Манхан, Дарви сум, аймгийн төвийн зургаан өрхийн эмнэлгийн машиныг шинэчилсэн нь коронавирусний халдварын тархалтын үед иргэдэд тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдүүлсэн байна. 

Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд сүүлийн үеийн суурин дижитал рентген аппарат, ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, ясны сийрэгжилт болон биеийн бүтэц тогтоох аппарат, тархины цахилгаан бичлэгийн ба доплер, унтуулгын, уян дурангийн иж бүрдэл, шүдний зөөврийн рентген аппарат, шүдний кресло ор зэрэг 32 нэр төрлийн 34 ширхэг тоног төхөөрөмж бүхий 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй “Эрүүл мэндийг дэмжих” төвийг байгууллаа. Уг төвийг байгуулснаар иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц үзлэг, оношилгоог нэг дороос авах боломж бүрдэж, цаашид хүлээгдэл чирэгдлийг бууруулах аж. 

Булган сумын Нэгдсэн эмнэлэгт 221.7 сая төгрөгийн Итали улсад үйлдвэрлэсэн зөөврийн дижитал рентгэн аппарат олгосон нь алслагдсан баруун бүсийн гурван суманд амьдарч байгаа 20 мянга орчим иргэн рентген дүрс оношилгоог аймгийн төв явахгүйгээр сумандаа шийдвэрлүүлж, халдварын оношийн баталгааг орон нутагтаа хийлгэх замаар зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна тухайн эмнэлгийн даатгалаас авах санхүүжилт нэмэгдэх боломжтой болсон байна.


  Коронавирусний халдварын үеийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлжээ  

 

Тухайлбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн вируслогийн лабораторид сүүлийн үеийн хүчин чадал бүхий сорьц ялгах автомат төхөөрөмжийг дагалдах урвалжийн хамт олголоо. Энэхүү төхөөрөмж 32 сорьцыг 25-28 минутад ялгаж, цаг хугацаа, лабораторийн ажилтнуудын ажлын ачааллыг өмнөхөөсөө зургаа дахин хэмнэх давуу талтай юм.   

“Био аюулгүй ажиллагааны Р-53” төслөөр Зоонозын өвчин судлалын төвд ПГУ шинжилгээний аппаратыг олгосноор байршлаас үл хамааран дөрвөн цагийн дотор халдварыг илрүүлэх боломжтой болж, явуулаар коронавирусний шинжилгээ хийхэд үр дүнгээ өгч байна. Уг аппаратыг нийлүүлснээр тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг бусад олон төрлийн зоонозын халдварт өвчний үүсгэгчийг оношлох боломжтой юм. 

Коронавирусний халдвараар хүндэрсэн өвчтөнд чухал хэрэгцээтэй эмчилгээ бол хүчилтөрөгч юм. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн "Тусгаарлах эмнэлэг"-т биеийн байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой олон өвчтөн байгаа учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэсч хоногт 45-50 баллон хүчилтөрөгч зарцуулж, хоногт 15-20 баллон үйлдвэрлэх хүчин чадалтай "Хүчилтөрөгчийн үйлдвэр" нь энэ хэрэгцээг дангаараа хангаж боломжгүй болж зэргэлдээх аймгаас тээвэрлэж зардал, цаг хугацаа их шаардаж байв. Тулгамдаж буй энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн дэмжлэгээр хүчилтөрөгчийн үйлдвэрийг хүүхдийн 50 ортой эмнэлгийн ханын системтэй шууд холбосноор иргэдэд учрах хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалсан хүндрэлийг бүрэн шийдвэрлэж чадлаа. 

Дезерет олон улсын байгууллагад санал хүргүүлсний үр дүнд 65.3 сая төгрөгийн өртөг бүхий өвчтөний 90 ширхэг ор болон зөөлөн эдлэл (гудас 90, хөнжил 90, углаа дэвсээ 90 ширхэг)-ийг шийдвэрлүүлж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нийлүүлснээр коронавирусний халдвараар хэвтэн эмчлүүлэх, орны ачааллыг бууруулах зэрэгт ихээхэн үр дүн өгчээ.

Хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, гаднын шалтгаант гэмтэл, хордлого, хоол боловсруулах болон амьсгалын тогтолцооны эмгэг эхний байрт жагсаж, хүн амын нас баралтын 77.0 хувийг эзэлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл иргэн”, “Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ”, “Чадварлаг эмч мэргэжилтэн”, “Эрүүл эр хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр батлаад байна. 

Дээрх цаг үeийн мэдээллийг энэ сарын 3, 4-ний өдөр болсон "Ховд аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан"-ы үeэр тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав танилцуулсан юм.    

Холбоотой мэдээ