Б.Жавхлан: Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр, цар тахлын дараах үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-06 16:45:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 30 дугаар Их хурал "Улаанбаатар палас"-ын танхимд үргэлжилж байна. Хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тавьсан илтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.


Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ Шинэ сэргэлтийн бодлогыг зургаан чиглэлд хэрэгжүүлэхээ танилцуулсан. Тодруулбал, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан чиглэлээр илтгэлээ танилцуулсан юм.


Сангийн сайд Б.Жавхлан, "Монгол Улс өнгөрсөн 100 жил тусгаар тогтнолоо тунхаглан хөгжиж ирлээ. Тэгвэл ирэх 100 жил эдийн засгийн тусгаар тогтнолын хөгжлийн 100 жил байна гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь өнөөдрийнхтэй харьцуулбал, илүү хүчирхэг буюу дундаж давхаргад суурилсан бодлого, тэр дундаа гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хувь хэмжээгээр дэлхийн бүх улс орнуудтай харилцан ашигтай ажиллаж, өсөлтийг бий болгоход оршино. Энэ өсөлтийг ард түмэнд хүртээмжтэй байлгаж, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болно гэж зорилтоо тодорхойлж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо олох ирэх 100 жилийн эхний 10 жил буюу 2030 он хүртэлх ажлаа бид тодорхойлох ёстой. Ингэхдээ, сүүлийн 20-30 жилд эдийн засгийн шилжилтийн сорилтын үр дүнд бий болсон, нийгмийн хөгжлийг хязгаарлаж байгаа зургаан хүчин зүйлийг эрдэмтдийн хамт судалж тогтоон, дүн шинжилгээ хийснээр тодорхойлж, зарласан. Тэдгээр хязгаарлах хүчин зүйлийг ардаа орхиж сэргэлтийг бий болгосноор, 10 жилийн хугацаанд ДНБ дор хаяж 2 дахин, нэг хүнд ногдох үндэсний орлого 2-3 дахин, экспорт 5 дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Ингэснээр, бид бүс нутгийн хэмжээнд, сүүлийн хоёр жил сорилт болоод буй цар тахлын дараах үсрэнгүй эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэх хөгжих боломж бүрдэнэ гэж тодорхойлж байгаа. Эдийн засгийг сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг төр дангаараа гаргах боломжгүй тул хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зэргээр бүхий л субьектод хамтран ажиллахад нээлттэй байхаа тунхагласан" хэмээв.


Ташрамд дурдахад, Намын их хурлаар үдээс өмнө үндсэн илтгэлүүдийг сонсож, өмнөх хурлаас хойших Бага хурал, Удирдах зөвлөлийн тайлантай танилцсан. Үдээс хойших хуралдаанаар, илтгэл, тайлантай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна. Харин орой намын шинэ даргыг сонгож батлах юм. Мөн маргааш намын дүрэмд оруулах өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэх асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд цахимаар оролцож "Монголын парламентыг төгөлдөршүүлэх нь" илтгэл тавина. Харин хуралдааны төгсгөлд, намын бага хурал, хяналтын хороог сонгож байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ