Аялал жуулчлал 2021 онд…

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-07 16:00:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг барьж, түүнийг түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх замаар иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. 

Энэ хүрээнд улирч буй зун, намрын улиралд дотоодын 14 мянга гаруй автомашинтай 60 мянга гаруй аялагч хүлээн авсан тоон мэдээлэл гарчээ.   

Түүнчлэн “Тогтвортой аялал жуулчлал-II” төслийн хүрээнд Гурван сэнхэр агуйн орчимд мэдээллийн төв байгуулах, Чулуун соёлын дижитал музей бүхий аялал жуулчлалын цогцолбор, жуулчны гудамж, отоглох цэг, шувуу харах цамхаг байгуулах тeхник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулжээ.   

Мөн энэ онд аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулж, аялал жуулчлалын “Цаст Алтайн угсаатан” холбоонд хүлээлгэн өгсөн байна.

Үүнээс гадна 2021 оны наймдугаар сард “Гурван сэнхэр төвтэй таван од” аяллын маршрутын нэгдүгээр чиглэлийн дагуу жуулчдад зориулсан тэмдэг тэмдэглэгээ байршуулсан аж. Энэхүү ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Улаанбаатар аялал жуулчлалын холбоо гүйцэтгэсэн бөгөөд нийт маршрут дагуу км заасан тэмдэг 13, хот хоорондын зам дагуу 27, хоноглох (отоглох) цэг заасан дөрөв, товч танилцуулга бүхий 10, нийт 54 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбар байршууллаа.

Аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, зоогийн газар, банк, шатахуун түгээх станц, эмнэлэг, эмийн сан, цагдаа, түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт 350 газрын мэдээ мэдээллийг гурван үгт хаягжуулалтын системд хамрууллаа.

Мөн 2021 онд “Олон ястны өлгий нутгаар” сэдэвт Ховд аймагтай танилцах аяллыг Дэлхийн байгаль хамгаалах сан, "Нью жуулчин турс" компанийн дэмжлэгтэйгээр тус аймгийн “Цаст Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгууллаа. Танилцах аялалд салбарын тэргүүлэх 16 компани, Баян-Өлгий, Увс аймгийн төлөөлөл нийт 24 хүн оролцож, Дарви, Цэцэг, Алтай, Үенч, Булган, Мөнххайрхан, Мөст, Манхан, Буянт сумын нутгийг сонирхжээ.

Ташрамд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “Ойн салбарын үндэсний чуулган”-ы үeэр аймгууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгууллаа. Ингээд "ухдаг биш тарьдаг" сайхан уламжлалтай Ховдынхон нийт 20.0 сая мод тарих гэрээ байгуулсан гэж албаныхан онцлов.   


Холбоотой мэдээ