Өрхийн зарлагын бүтэц

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-12-07 17:16:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага 1.5 сая төгрөг болсон. Энэ нь 2020 оны 3 дугаар улиралтай харьцуулахад   37.2 мянган төгрөг буюу 2.4 хувиар буурчээ. Харин энэ оны 2 дугаар улирлаас 18.4 мянган төгрөг буюу 1.2 хувиар  нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.


Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлага 2021 оны 3 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, 2020 оны 3 дугаар улирлаас 135.2 мянган төгрөгөөр, энэ оны 2 дугаар улирлаас 8 мянган төгрөгөөр буурсан. Бодит нийт зарлага  2020 оны 3 дугаар улирлаас 11 хувиар буурахад хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 101.7 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ гэсэн тайлбар ҮСХ хийсэн байна


Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 2021 оны 3 дугаар улиралд 2020 оны 3 дугаар улиралаас 1.1 нэгж хувиар, бусад зарлагын эзлэх хувь 0.2 нэгж хувиар буурчээ. Хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 1.1 нэгж хувиар, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 0.2 нэгж хувиар нэмэгдсэн аж.  Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 36 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.3 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.4 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 8 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 3.5 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлжээ


Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.9 хувийг бэлэн хувцас, гутал, 9.5 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 6.2 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 5.7 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал, 5.3 хувийг боловсролын зардал эзэлж байна


Мөнгөн зарлагаар нь өрхүүдийг бүлэглэн авч үзэхэд 2021 оны 3 дугаар улиралд 2020 оны 3 дугаар улирлаас 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 2.3 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 8.4 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн зарлагатай өрх 1.4 мянгаар, 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 15.4 мянгаар буурсан байна. Харин 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 9.4 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 13.2 мянгаар, 900.0- 1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 10.5 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 5.7 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 1.8 мянгаар тус тус нэмэгдсэн аж. 

Сард 500.0-900.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзэхэд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар дундаж зарлагын 30.6 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байгаа нь 2020 оны 3 дугаар улирлаас 0.5 нэгж хувиар буурсан байна.


Ойлголт, тодорхойлолт: Өрх нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүс болон ганц биеэрээ өрх болон амьдардаг хүнийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн, хамаатан садны холбоотой, бүх гишүүд болон зарим гишүүд нь огт хамааралгүй эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно

Өрхийн мөнгөн зарлага: Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана.

Холбоотой мэдээ