Д.Баярсайхан: Арьс ширний салбарынханд 30-40 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг “Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэнг “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай эхлүүлэв.
Форумыг ХХААХҮЯ,
ГХЯ, ЖДҮГ, ҮХГ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь
бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл, Экспорт олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж байна.
Форумаар хэлэлцэх асуудлын талаар Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Баярсайханаас тодруулахад,
-“Экспорт
Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэнг цар тахлын үед зохион байгуулж буй нь онцлог. Экспорт гэхээс илүү
үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг илүү хэрэгжүүлэх нь чухал байна. Нээлтийн
үеэр Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх хэлсэн үгэндээ, “Монгол Улсын экспортын
90 гаруй хувийг уул уурхайн салбар хангаж байгаа” гэсэн нь үнэн. Гэхдээ хөнгөн
үйлдвэрийг тусад нь авч үзээд, бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, яаж
эксортлоход анхааръя. АНУ зах зээлд гарах боломж байгаа ч арьс шир, ноос
ноолуур, оёмол бүтээгдэхүүнийг яаж экспортлох, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн нийлүүлэх
гэдэгт дүгнэлт өгч, төвлөрч ярилцах хэрэгтэй байна. Бид жижиг, дунд болон өрхийн
үйлдвэрлэл гээд улам жижгэрүүлээд байхаас, кластер бий болгож, төв рүү
тэмүүлэх байдлаар үйлдвэрүүдээ томруулах бодлогыг хэрэгжүүлэх талаар
ярилцъя. Тухайлбал, АНУ-ын зах зээлд бид 1 сая оёмол бүтээгдэхүүн, 1 сая савхин
хувцас гаргаж чадах уу, жижиг үйлдвэрийг яаж нэгтгэн томруулах, урд хөрштэйгөө хэрхэн
өрсөлдөх зэргийг ярилцвал илүү үр дүнтэй байх.
-Бараа
бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргахад бидэнд хамгийн түрүүнд анхаарах зүйл
юу байна вэ?
Эхлээд дотоод зах зээлээ хамгаалахын тулд худалдааны хуультай болмоор байна. Манай улс малын гаралтай түүхий эдээ шууд гаргадаг. Үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгох нь чухал юм. Ядаж л ямааны ноолуураа самнаад гаргах биш угааж, ээрээд гаргадаг болчихвол бидэнд ажлын байр бий болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ шүү дээ. Бидний түүхийгээр гаргаад байгаа бүтээгдэхүүнийг тухайн улс нэмүү өртөг шингээн, бараа таваар болгоод Итали руу экспортолдог. Бид ч гэсэн Итали руу гаргах боломжтой. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй байгаа юм. Ноолуураа түүхийгээр нь эсвэл самнаж угааж гаргахад төрөөс татварын бодлого зэргээр ялгаатай зохицуулах боломж бий. Ингэж зөв голдиролд орсноор ноолуурын дараа арьс шир, нэхмэл, оёмол бусад бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болно.
-Монголын арьс
шир үйлдвэрлэгчид одоогоор хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
Монголын арьс ширний салбарт бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй, боловсруулах 30 гаруй үйлдвэр бий. Тус бүрдээ 10 мянган ширхэг бүтээгдэхүүн хийдэг. Бүгдээрээ хамтраад бүтээгдэхүүнээ хийвэл жилд 30-40 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа гэв.
Форумын үеэр цар
тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлон, мэдээлэл солилцож, гадаад худалдааны тулгамдсан асуудал, боломжийн талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий
болгохыг зорин ярилцаж байна. Мөн илтгэл,
бизнес уулзалтууд зохион байгуулж, “Монголын
худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022, Хойд Америкт” үйл ажиллагааны талаар танилцуулж, “Экспортын шилдэг бүтээгдэхүүн”
цахим үзэсгэлэнг сонирхуулав.
Тодруулбал WWW.EXPORTMONGOLIA.ORG цахим
талбарт үзэсгэлэн гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн
үйлчилгээг санал асуулгын журмаар шалгаруулна. Шалгарсан экспортын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг “Монголын
худалдаа хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022- Xойд Aмерикт” үйл ажиллагаанд үзэсгэлэнгийн талбайн
эрхээр шагнах аж.