А.Тэмүүжин "Алтан бөмбөг"-ийн эзэн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр /2021.12.12/ болж, 2021 оны "Алтан бөмбөг"-ийн эзэн "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор Атлетик 220 болон Монголын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин анх удаа тодорлоо.
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ 2020 онд "Ковид-19" цар тахлын улмаасвиртуал хэлбэрээр зохион байгуулсан энэ удаа уламжлалт байдлаар халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулав.
Энэхүү хүндтэй ёслолыг нээж МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Арсенал болон Японы шигшээ багийн хамгаалагч Такэхиро Томияасү мэндчилгээ дэвшүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүний зөвлөх Т.Мэндсайхан дамжуулсан юм.
А.Тэмүүжин: “Алтан бөмбөгийн эзэн болсондоо баяртай байна. Авсан шагналдаа эзэн
болж, цаашдаа улам хичээх болно. Дараа жил багаараа аваргынхаа цомыг
хамгаалахыг зорино” гэв.
"Ерөнхийлөгчийн
нэрэмжит шагнал"-ыг Монголын хөлбөмбөгт үнэтэй хувь нэмэр оруулсан
"Дэрэн" клуб хүртлээ. Тус багийн эзэн Г.Мөнхчулуун: “Өнөөдрийн шилдгүүдийг тодруулах ёслол сайхан боллоо. Энэ жил манай баг анх удаа дээд лигээс мөнгөн медаль
хүртсэнд тун баяртай байна. Бид их залуу бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ багаараа
цаашдаа олон амжилт үзүүлнэ гэж итгэж байна. Дараа жил 16 нас хүрэх 40 хүүхэд
байна. Тэднээс олон хүүхэд дээшээ гарч ирэх байх. Бид тогтвортой хөгжинө гэж
бодож байгаа. Ирэх жил түрүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” хэмээн ярилаа.
Нийтийн хөлбөмбөгийг
хөгжүүлэх чухал үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн
хөлбөмбөгийн холбоо энэ оны "Грассрүүтс хөлбөмбөгийн үндэс" шагналын
эзнээр тодорсон юм.
Харин 2021 оны "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аварга UBC клубын дасгалжуулагч В.Мөнхжаргал 2 дахь удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзэн болов. Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч: “Энэ жил цар тахлын улмаас лиг хүнд, бас шахуу боллоо. Дундуур нь шигшээ багийн ажил байлаа. Бид өмнөх жилийнхээ амжилтыг давах зорилготой байсан. Гоол алдалгүй, хожигдолгүй аварга болно гэсэн зорилготой байсан ч хүрч чадсангүй. Гэхдээ аваргаа хамгаалж, нэг гоол алдаж, нэг тэнцлээ. Аваргаа хамгаалж чадсандаа туйлын баяртай байна. Ирэх жил энэ бүрэлдэхүүнээрээ аваргаа хамгаалж, амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөнө” гэлээ.
Улиран одож буй оны тоглолтуудыг
шударгаар шүүн явуулж, шилдэг нь байсан МХБХ-ны А
ангиллын шүүгч Б.Хаш-Эрдэнэ "Алтан шүгэл" шагнал хүртсэн юм.
"Шилдэг
эрэгтэй багийн дасгалжуулагч"-аар Атлетик 220 клубын дасгалжуулагч
Б.Гарьдмагнай 2 дахь удаа дараалан тодорлоо. Б.Гарьдмагнай: “Энэ шагналыг
хүртсэндээ их баяртай байна. Нийт багийнхан, эзэд, спонсорууддаа баярлалаа гэж
хэлье. Цар тахлын хүнд хэцүү үед хөлбөмбөгийг ивээн тэтгэнэ гэдэг амаргүй.
Хөлбөмбөгийг дэмжиж байгаад нь баярлалаа. Ирэх оны нэгдүгээр сарын 10-наас
эхлэн “AFC Cup”-ын бэлтгэлдээ гарна. Үргэлжлүүлээд лигийн бэлтгэлдээ гарна.
Дараалсан бэлтгэлүүд л хүлээж байна даа” гэв.
Олон нийтийн саналаар
тодруулсан 2021 оны "Шилдэг гоол" шагналыг "Би Си Эйч
Лионс" клубын тоглогч Ч.Бат-Ирээдүй хүртлээ.
"Шилдэг
эмэгтэй тоглогч"-оор Арвис клуб болон Монголын үндэсний эмэгтэйчүүдийн
шигшээ багийн довтлогч Ө.Ундрах анх удаа тодорлоо. Тэрбээр: “Сэтгэгдэл
маш өндөр байна. Энэ жил гадаа талбайн шилдэг довтлогч боллоо. Мөн футзалын
цомын тэмцээний шилдэг довтлогчоор тодорлоо. Одоо гадаа талбайн лигийн аварга
болох л зорилготой байна” гэв.
2021 онд байрлал бүр дээр
шилдэг нь байсан шилдэг 11 тоглогч
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ –
Атлетик 220
Хамгаалагч: О.Даваадэлгэр
– Дэрэн
Хамгаалагч: О.Мөнх-Оргил –
Дэрэн
Хамгаалагч: Г.Бат-Оргил –
Улаанбаатар Сити
Хамгаалагч: Т.Дөлгөөн –
Дэрэн
Хагас хамгаалагч:
А.Тэмүүжин – Атлетик 220
Хагас хамгаалагч:
Х.Цэнд-Аюуш – СП Фалконс
Хагас хамгаалагч:
Б.Батмөнх – Дэрэн
Хагас хамгаалагч:
А.Дөлгөөн – Дэрэн
Довтлогч: Б.Балжинням –
Улаанбаатар
Довтлогч: Н.Наранболд –
Атлетик 220