“Хүмүүн” цогцолбор сургуулийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-16 11:17:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Зүүнмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийг засах гэрээ байгууллаа.


Сургуулийн засвар хийх төслийг 304 874 ам.доллар буюу 868 сая гаруй төгрөгийн өртгөөр хэрэгжүүлэх юм.

Төслийн гэрээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши Японы Элчин сайдын яаманд гарын үсэг зурлаа.


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг манай улсад 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 572 төсөл хэрэгжүүлжээ.


“Хөтөлбөр нь Япон Улсаас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай. Япон улсын дипломат төлөөлөгчийн газар голлон санхүүжүүлдгийг Элчин сайд Х.Кобаяши гарын үеэр зурах ёслолын үеэр онцлов.


Түүнчлэн, тус хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт 1990 оноос хойш 19 суманд 23 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, “Хүмүүн цогцолбор сургуулийн байранд засвар хийснээр 1200 сурагч, багш, ажилчдын сурах орчин сайжирна. Өмнө нь мөн хөтөлбөрийн тусламжаар Зуунмод сумын 350 хүүхдийн багтаамжтай “Бүжинхэн” цэцэрлэгийн засварыг ч хийсэн гээд энэ төсөл манай аймгийн бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж байгаа” гэдгийг тэмдэглэлээ. 

Холбоотой мэдээ