“Баянзүрх хайрхан” ууланд түр амрах цэгүүд байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-22 12:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас төсвийн хөрөнгөөр “Баянзүрх хайрхан” ууланд түр амрах цэгүүд байгуулж, явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, бага оврын болон ангилан ялгах хогийн сав, цогцолборт газрын мэдээлэл бүхий самбар байршуулаад байна.


Тохижилтын ажлыг тухайн дүүрэгт нь хүлээлгэн өгснийг нийслэлийн БОГ цахим хуудаснаа мэдээлжээ. ʺБаянзүрх уулʺ-ыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авч сүүлийн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, зөв зохистой аялах, явган аялал, уулын спортыг сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилгоор олон ажлыг хэрэгжүүлж байна.



“Баянзүрх хайрхан” уул нь нийслэлийн зүүн урд зүгт далайн түвшнээс дээш 1846 метр өндөрт оршдог. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд цэрэг эрс, эрчүүдэд ээлтэй хэмээн домоглодог.  Уулыг Ар, Өвөр Баянзүрх хэмээн нэрлэж, Ар Баянзүрхийг тахиж иржээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Баянзүрх уулын их тахилгыг хоёр жилд нэг удаа, бага тахилгыг жил бүр үйлддэг уламжлалтай аж.



Холбоотой мэдээ