2021 ОНЫ ОНЦЛОХ НОМУУД |цуврал 1|

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-12-22 17:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


2020 он гарснаар бид цаг үргэлж цар тахлын аюултай тулгарч ирсэн. Сүүлийн саруудад дотроо алдсанаар  өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр “хөл хорио” тогтоож, дунд нь ганц нэг долоо хоног завсардаснаас бусдаар хөл хорионы байдалтай байв. 2021 оны эхэн сарууд ч мөн адилхан үргэлжлэв. Хүн ихээр цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоож, томоохон тэмдэглэлт баяр наадмуудыг цуцалсан билээ. Сүүлд номын дэлгүүрүүдийн хаалгыг барьсан ч хүмүүс “онлайн” захиалгаар ном авч унших болсон. Ер нь ном соёлтой холбоотой үйл ажиллагаа бүрэн зогссонгүй. Уран бүтээлчид бүтээлээ туурвиж, хэвлэн нийтлэгч компаниуд хатуу хөл хорио тогтоогоогүй үед ажиллаж, редакторууд хянаж, дуун хөрвүүлэгчид орчуулсаар байлаа. Тиймээс ч гадаад, дотоодын олон бүтээлүүд хэвлэгдэн гарч уншигчид ч унших номоор тасраагүй юм. Ийнхүү Монголын зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдийн бичсэн 2021 оны онцлох бүтээлүүдийг танилцуулж байна. 


МОНГОЛ ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ




“Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт”


Г.Аюурзана зохиолчийн шинэ роман. Санаандгүй учрал тохиолдлоос романы үйл явдал эхэлнэ. Гол дүрийн баатар өмнөх романуудад зарим талаараа үгүйсгэж боломгүй адилхан хамгийн муу ёрын совингоор уг тохиолдлыг хүлээж авах бөгөөд “Хорлонтой зүйлс хорлонтой үед хорлонтой газраа яг байж таардаг” гэж тодорхойлно. Энэ бүх хорлонтой зүйлс цааш хэрхэн хөврөхийг “тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт” адал сонин нэртэй романаас олж унших нь зүйн хэрэг.


Ямартаа ч Г.Аюурзана зохиолчийн бичлэгийн өнгө аяс, дүрслэлийн уран чадвар нь уг романд нэгэн шинэ мөр татуулсан нь мэдрэгдэнэ. Жишээ нь “Шөнийн тэнгэрт буг чөтгөрүүд усны хар ялаад шиг үймэлдэж байдаг ч галуудын цүүцэн зэл тэдний эмх замбараагүй самуун хүрээг хага яраад гарчихдгийн нууц нь ...” гэх юм уу “... нар мандаж моддын чөлөөгөөр анхны зурвас нарийхан туяа тусахад судраас амилсан мэт нөгөө шувуу...” эсвэл бүр “Цаг хугацаа бол сүнсний мэдлэгээр л туулдаг аугаа их нүүдлүүдийн солбилцлын нэр” зэрэг өгүүлбэрүүд эх хэлний баян тансагаар гайхуулах мэт бийрлэсэн санагдана. Дээрээс нь “Монголын нууц товчоон”-ы сэжим роман дотор шувуудын нүүдлийн үл үзэгдэх зам шиг дамжин орж ирэх бөгөөд сүнс, зөн совин, зүүдний хэл, цаг хугацаанд хүрэлцэх мэдрэмжээр баяжигдана. Г.Аюурзана бол уншигчдаасаа хоцорч байгаагүй жинхэнэ уран бүтээлч.


СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД


Туурь мэдээж өгүүллэгийн төрөл зүйлд хамаарагддаг боловч ялгарах онцлог гэж бий. Учир нь өгүүллэгт дүрийн онцлог, зохиолын үйл явдалд голчлон анхаардаг бол туурь нь зохиогчийн дэвшүүлсэн санаа бүтээлийн цөм нь болж илэрхийлэгддэг. Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн “Сэтгэлзүйн тууриуд” бүтээл нь энэ онд гарсан онцлох номын нэг билээ. Тус ном нь туурийн төрөл зүйлийн шинэлэг хэв маягийг зохиолын баатруудынхаа ухамсар, сэтгэлзүйн ертөнцөд үүссэн гэнэтийн давтамжит хэв шинжүүд дээр үндэслэж дүрслэн өгүүлжээ. Тэдгээр хэв шинжүүд нь хүний төрөлхийн мөн чанарт байдаг нийтлэг ухамсрын хандлагын илэрхийлэл болж байгаа нь уг бүтээлийн нэгэн гол шинжийг илэрхийлнэ.


НОХОЙ ДАЛАЙН ЗОМГОЛ


Зохиолч, судлаач, доктор П.Батхуягийн богино өгүүллэг, туужийн шинэ түүвэр. Ерөөс энэ онд гарсан, оны сүүлчээр уншсан болохоор ийн хэлсэнгүй. Учир нь тус түүвэр бүхэлдээ “цоо шинэ”-ээс бүтжээ. Богино өгүүллэгүүдэд бичлэг, урлалаас илүүтэй оюун санаагаар л тэмтэрч, мэдэрч болох зүйлсийн тухай илүүтэй өгүүлсэн санагдана. Цэвэр уран зохиол чухамдаа амьдралын тухай олон хуудас дамжин нуршиж, айдаст хүлэгдсэн дурсамжаа уянгалуулаад байдаггүй билээ.


Харин “Нохой далайн зомгол”, “Сахиусан тэнгэрүүд явган гүйлдэх цаг” туужуудын тухайд бол зүгээр л уншихыг зөвлөе. Тэд үнэхээр далавчаа яачихсан болоод гүйлдэх болсон хэрэг вэ? Санамсаргүй тохиол, санаанд оромгүй ухаалаг асуултаар эхэлсэн зохиол муу байх нь ховор билээ. Бусдыг тэгээд уншигчийн сэтгэлзүй, цаг хугацаанд даатгахаас өөр аргагүй.


Мөн уг түүвэрт багтсан “Ганцаардлын пянз” өгүүллэг нь франц хэлнээ орчуулагдсан бөгөөд уран бүтээлчид кино хийж Каннын олон улсын кино наадмын шалгаруулалтын хэсэгт тэнцсэн юм.


ЦАГААН БОРОО


“Цагаан бороо” бол бидний өвөг дээдсийн гашуун нулимсаа дотогш залгиж, эр зоригоос чимээгүй ундрах нулимсаа алгаараа арчилгүй хацартаа хатааж барсан тэр түүхийн тухай юм. Зохиолч Б.Номинчимэд уг романаа хууч ярианд үндэслэж бичсэн нь цэвэр уран зохиол гэхээс илүүтэй баримтат уран сайхны бүтээл болсон шиг сэтгэгдэл төрүүлнэ. Гол нь энэ түүх зохиол бус үнэн учраас энэхүү бичлэгийн хэлбэр зөнгөөрөө бүрэлдсэн болов уу.


Баруун талаас хуйхуу, хунхууз, хасгийн дээрэмчид довтлон түйвээж, ард түмэн дотоодын үймээн самууны хөлд ч давхар нэрвэгдэнэ. Энэ үеэр аль муу явдал,  арга зальт хүмүүс идэвхжиж, хятад худалдаачид өр зээлээр ард олныг дөнгөлөн авч байв. Энэ үед Засагт ханы “Долоон хөх чоно” гэгдэх эрс нэгдэн олон түмний өмнөөс бусдыгаа оройлон тэмцэж буй эмгэнэлт хувь заяаны тухай уг романд гарна.


ТАС ЧАМАЙГ ТАСЧИХ БОЛТУГАЙ...


Эл ном 6 өгүүллэгээс бүрдэнэ. Гэхдээ “хамгийн” гэдэг тодорхойлолт зүүгээд нэг өгүүллэгийг онцолж нэрлэх нь тун болхи явдал болно. Учир нь тус зургаан өгүүллэг нэгэн том цул зангилаанд оршдог. Тэр нь “жам” юм. Яахав үүнээс гагц “Тугалган цэргүүд”-ийг арай өөр төрөл зүйлд хамаатуулж болно. Харин “Хүргэ ах”, “Мангасын яриа” хоёр өгүүллэгийг холбочихвол магадгүй нэг сайхан тууж бүтэж мэднэ.


Энэ ном бол яруу найрагч О.Цэнд-Аюушийн анхны өгүүллэгийн түүвэр. Яруу найрагчид хүүрнэл зохиол руу нүүдэл сэлгэхэд ихэвчлэн уран дүрслэл, шүлэглэсэн ур, туурвил зүйн хэв маягийг бий болгодог. Харин түүний ном эл бүхнээс хол. Тэр анхнаасаа л хүүрнэлч байсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уламжлалт зан заншил, ахуй соёл гэхээсээ хүний мөн чанар, бидний тархинд байх уугуул сэтгэлгээ, хүний мөсийг илүүтэй хөндсөн байна. Уг түүвэр бол энэ оны онцлох хүүрнэлд зайлшгүй байх ёстой хэмээн үзэв.


Дурдах бүтээлүүд: Н.Бадамжав "Модон сахалт", Л.Лхагвасүрэн "Тэврэлт", С.Удвал "Түүвэр зохиол", М.Уянсүх "Оройн дээд". 



УРАН ЗОХИОЛЫН БУС НОМУУД




ТЭНГЭРТ ОЙРХОН ДУУЛЖ ЯВАА ХҮН


Уг бүтээл нь хүүрнэл зохиолд ч, уран зохиолын бус номд ч хамаарна. Яруу найрагч, “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч Мө.Батбаярын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” ном нь найруулал, хөрөг, тэмдэглэл, өгүүллэг зэргээс бүтжээ.


Хамгийн гол нь Мө.Батбаярын хүүрнэл зохиол яндашгүй баян сантай яруу тансаг монгол хэлтэй. Мөн дүрүүд нь ч тэр, бичлэгийнх нь хэл найруулгад ч тэр хүчилсэн зүйлс үгүй. Зөнгөөрөө л ийн бүрэлдээд тогтчихсон мэт санагдна. Тэр л үгсийг, ийм бичгийн хэл найруулгын түүнд бий болгож бүтээж өгсөн дурсамжуудыг уншаад дууссан шиг болно. Тэр дурсамжууд нь өөр өөрийн дуутай, хөндүүртэй, цасны чимээтэй ажгуу.


Аливаа зохиолчийн бичлэгийн арга барил, уншихгүй өнгөрөөж ч болох дотоод сэтгэлийн үгс, өөрт үл ойлгогдох ертөнцтэй зөрчилдөх замбараагүй хүсэл, азаар түүнийгээ хориглож чадах сэтгэлийн их уужим дэвсэг багтсан ийм ном уншигчийн өмнө цэлийтэл хуудсаа нээхэд гэрэл гэгээ, харанхуй аль алийг нь цэх сөрөн алхаад орчих шиг сайхан нь уншигч хүнд үгүй.


МАЙН КАМПФ-ШҮЛЭГ БИЧИХ


Яруу найрагч Д.Галсансүхийн тухай ном. Тэр өөрийнхөө тухай, үзэл санааныхаа улаан туг болгож бүтээсэн ном нь энэ юм. Амьдрал хэзээд бидний боддог шиг өрнөдөггүй учраас ямар ч хүнд хэцүүг туулаад гардаг. Тэрхүү хүнд ахуйгаас өндийн босож чадсан хүн л илүү их итгэл үнэмшилтэй, хүчтэй болж төлөвшдөг шиг санагддаг. Хэлж чадахгүй үгс, бичиж чадахгүй өгүүлбэр бидэнд үгүй. Гол нь тэгээд үнэн байна гэдэг өөрт асар их эрх чөлөөг олгох шиг санагдана.


Хүмүүс үнэт зүйлийг ээж, аав, элгэн нутаг гэж ойлгодог нь маш буруу зүйл. Учир бид эдгээрийг хайрладаг билээ. Харин үнэт зүйл гэдэг нь өөрт болоод өрөөлд хэрэгтэй байх ёстой. Яг л Д.Галсансүхийн “Майн Кампф - Шүлэг бичих” ном шиг. Хүн бусдад үнэнийг хэлнэ гэдэг өөрт ч амар, өрөөлд ч тустай. Энэ бол чухам үнэт зүйл билээ. Ямартаа ч түүнийг уншчих, бусдыг нь ёстой л цаг хугацаа хэлнэ.


БӨН БӨН ХЭМЭЭХ УРАН БҮЛТРЭЭ


Сэтгүүлч Э.Адъяасүрэнгийн “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” номыг мөн нэрлэж байна. Эхлээд уг бүтээлийн “Каламбура төрлийн эсээ бичвэрүүд” гэсэн тодотгол ихэд сонирхол татаж билээ. Тэгтэл энэ бодолтой зэрэгцээд номын арын хавтас дээр “Адъяагийн бүтээлийн нэг томоохон хэсгийг хэл шинжлэлд Каламбура хэмээдэг “үгэн тоглоом” эзэлнэ” хэмээгээд тодорхойлолтоо улам лавшруулсан доктор М.Саруул-Эрдэнийн үгс байв. 


Ер нь уг ном асар баялаг монгол хэлтэй, бараг л хоршоо үгийн толь болчихмоор. Басхүү аливаа хошигнол дундаа шүүмжлэлт өгүүлэмжийг ёстой л нэг тосон дээгүүр гулгах шиг шургуулаад оруулчихсан баймаар уншигдана. Ер нь хошигнохгүй бол “уран бүлтрээ” амьгүй болно шүү дээ. Монгол ардын үлгэрүүд, туульсын томоохон зохиол бүтээлүүдэд хоршоо болон зүйр цэцэн үгс их гардаг. Харин энэ номонд тэдгээр үгс яг л бидний орчин цагийн аж төрөхүй, хэл яриа, үйл хөдлөлтэй хэрхэн зохицож байгааг харж болно. Зүйр үгсийг зүгээр л уламжлалт үг хэллэг гэж сургуулийн багш нар нь зааж сургаад, орчин цагийн нийгэмд тохирохгүй гээд орчин үеийн хүүхдүүд нь дэвсээд хаячихаж. Ингээд л англи хэлний үгсийг ахуйдаа түлхүү хэрэглэх болж. Яахав, тэдний буруу биш л дээ. Тэгээд ч гадаад “үйл үг” л монгол хэлний ай савд түлхүү орж ирээд үүрлэчихгүй л бол айх аюул бага. Дээр нь нэмээд хэлэхэд эх хэлний баялаг үгсээр дүүрэн ийм бүтээлүүдийг олноор нь туурвиагүй бол энэ цаг үеийн уншигчдаа буруутгаж суух нь мэргэдийн ажил биш л дээ. Гэтэл бичиж туурвиад “унш” хэмээгээд лангуун дээр өрчихсөн байхад нь дэлгээд нэг харчихаагүй бол уншигч бидний буруу биз ээ хэмээн мунхагланам.


АРДЫН ХУВЬСГАЛ: ҮЗЭЛ САНААНЫ ТҮҮХ


Чухам унших ёстой нэгэн бүтээл Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцан уншигчдын гар дээр ирсэн нь энэ. 1921 онд манай улсад өрнөсөн тэрхүү үйл явдлын уг үндэс санаа, хүмүүсийн үзэл, дэлхий дахины түүхэнд бүрэлдэж асан хүчин зүйлүүд үүнд хэрхэн нөлөөлсөн тухай олон асуултанд уг ном хариулна. Тус бүтээлийг “Монсудар” хэвлэлийн газрын Ерөнхий захирал Р.Энхбат санаачилж, зохиогчоор нь Б.Дөлгөөн, М.Бямбасайхан, Б.Батбаатар нар ажиллажээ.


Мэдээж хувьсгал зөвхөн Монголд байсангүй. Тиймдээ ч ардын хувьсгалын үзэл санааг бүх зүйлийн эхлэл болсон эртний Грекийн ардчилал, 2500 орчим жилийн өмнөх хүн төрөлхтний түүхээс уудалж, эрж хайсан томоохон бүтээл нь уг ном юм. Магадгүй зарим талаар бүрэн хэмжээний зурагт лавлах гэхэд ч хилсдэхгүй.


Дурдах бүтээлүүд: А.Баатархуяг "Мартагдсан бэлгэдлүүд", Ж.Нэргүй "Орос-Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь", Д.Батсайхан "Театрын түүх", С.Дашдооров "Амин хууч".



ЯРУУ НАЙРАГ




Зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана нэгэнтээ “Энэ дэлхийн анхны яруу найрагч Хомер байлаа. Түүнээс өмнө шүлэг зохиодог, үг холбон аялгуулж туульс хайлдаг хүн, мэдээж, олон байсан. Гэвч тэр бүгдийг яруу найрагч гэдэггүй, тэр ч байтугай Хомероос хойшхи, нэр алдартай, шүлэг зохиол нь ном сударт үлдсэн олон найрагчийг жинхэнэ яруу найрагч мөн эсэхэд эргэлзмээр. Ерөөсөө саяхан болтол буюу Сэргэн мандлын үед хүртэл “Хомероос хойш яруу найрагч төрсөнгүй, тэр анхных бөгөөд эцсийнх” гэж дэвшилтэт сэтгэгчид үзэж байсан юм” хэмээн бичсэн байдаг. Тийнхүү заримдаа бүхий л зүйл ганцхан бусад нь хуулбар юм гэж бодоход хүрдэг хэдий ч ганцхан төгс зүйлээс давж гарсан хуулбарууд олон буйд баярладаг.


Эцэст нь дэвшилт гарч л байдаг. Хэн хүнд мэдэгдэлгүйгээр салбар бүхэн дор бүрнээ хөгжиж, урагшилсаар байдаг шүү дээ. Яруу найрагч хүн ганцхан шүлгээр мөнхөрдөггүй гэдэгтэй ихэнх суутнууд санал нэгддэг шиг ганцхан яруу найрагч төрсөн гэвэл бид Бодлер, Башё, Паунд, Уитмэн, Дү Фү, Рембо, Мур, Лорка, Иванов гээд цааш үргэлжлэх олон нэрсийг цаазлах хэрэг гарна. Харин над шиг уншигчид тийм шаардлага байхгүй. Би зүгээр л уншиж чадна, бусдыг нь сэхээтнүүд өөрсдөө шийдчих биз. Тиймээс энэ онд гарсан шүлгийн түүврүүдийг ямар нэгэн нуршуу тодорхойлолт зүүж, нэмэлт тайлбар бийрлэлгүйгээр нэрлэж байна.


ЗҮРХЭНД АГЧ НАМУР


“Тагтаа” хэвлэлийн газрын редактор, зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн “Зүрхэнд агч Намур” түүврийг хамгийн түрүүнд нэрлэх нь зөв болов уу. Намрын тухай, хайрын тухай, хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн тухай шүлгүүд уг номд бий. Бусдыг яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг хайрлахын нэр билээ.


ШИНЭ ШҮЛГҮҮД


Уншигчдын хамгийн их хүлээсэн ном. Яруу найрагч Д.Галсансүхийн “Шинэ шүлгүүд” түүвэр.


ҮЛ ТАНИХ ЗОЧИН


Яруу найрагч Б.Одгэрэлийн “Үл таних зочин”. Харахад нимгэхэн эл түүврийг уншихад бүхэл бүтэн номын сантай болсон мэт санагдмаар тийм зузаан. Хуучин болоод шинэ шүлгүүдээ хамтатган хэвлүүлжээ.


ХИЙСЭХ ГУНИГ


Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатарын “Хийсэх гуниг” түүвэр. Яруу найрагт мэдрэмж хамгийн чухал хэмээдэг. Шадалж бичсэн шүлгүүдээс тэс ондоо яг л автаж уншмаар тийм яруу найраг уг номд бий.


ӨНӨ УДААН


Залуу яруу найрагч Тө.Бямбасүрэнгийн “Өнө удаан” түүврийг онцлохгүй байж боломгүй санагдана. "Өнө удаан". Үнэхээр л тийм удаан хүлээсэн шиг, тэндээ ч зогсож байх шиг... Зарим нь хачин тунгалаг бас эрэмгий. Заримдаа бичсэн шиг нь гутарсан азгүй, өр зурсан гэмшил дүүрэн. Бүх юм нь нүцгэнээрээ, чин үнэнээрээ тийм ном.


Дурдах бүтээлүүд: О.Цэнд-Аюуш "Гомдож үзээгүй юм шиг амьдар...", Ц.Бавуудорж "Уянгын шүлгүүд", Т.Баянсан "Алсыг зүсэгч явдлууд", Г.Барсболд "Өгөөмөр харцанд тань".


ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН НОМУУД



 

“БААВГАЙ НЭРТЭЙ ШУВУУ: БАРХАС ОХИН ХОЁРЫН ТҮҮХ”


“Тагтаа” хэвлэлийн газрын редактор, зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн бүтээл. Өөрт тохиолдсон үнэн түүхийг уран яруу, баялаг хэлээр туурвижээ. Зуны амралтаараа хөдөөг зорин, өвөө эмээгийндээ очсон Бархас охин өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үүрдийн сайн найзтайгаа учирна. Тэд хамтдаа тоглон наадаж, ханиндаа аюулыг давж, өсөн торних явцдаа онгон байгалийн зэрлэг амьтан, оюун ухаант хүн хоёрын дундах хамгийн үнэнч нөхөрлөлийг бий болгоно.


“ГЭСЭР” /хүүхдэд зориулав/


“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийг хөгжүүлэх, сонирхолыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон номуудыг эрхлэн гаргахаас гадна сонгодог зохиолуудыг насны онцлогт нь зориулан “Хүүхдэд зориулав” гэсэн дэд гарчигтайгаар уншигчдад хүргэсээр байна. Өдгөө тус редакцийн “Эртний уран зохиол” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”, “Гэсэр” зэрэг номууд уншигчдийн хүртээл болжээ.  Үүнээс “Гэсэр” номыг энэ онд гарсан онцлох бүтээлийн нэгээр нэрлэв.


Бид өнөөдөр нэг номыг тахин шүтэж хоймортоо залах биш үргэлж хэрэглэж, уншиж судлах нь зүй ёсны асуудал. Тиймээс л сонгодог бүтээлийг хялбаршуулсан хувилбарт оруулсан хэдий ч уг номын зохиогчид утга агуулгыг нь огтхон ч өөрчилж, орхигдуулсангүй. Хүүхдэд зориулсан үлгэр нь амьдралын бодит хуулбар биш ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдсэн байдаг. Түүн дотор хүн байхуйн бодит үнэнийг ямар нэг хэмжээгээр тааруулан урлах нь элбэг билээ.

 

 Зургийн эвлүүлэг | Ч.Од

 

Холбоотой мэдээ