Чуулганы хуралдааны дэгт өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-22 17:09:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хууль, тогтоолын төслийн талаарх Ажлын багийн танилцуулгыг хийв. Тэрбээр танилцуулгадаа, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” чиглэл өгөх санал дэмжигдсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоол, 2020 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслүүдийг тус тус боловсруулан гэдгийг онцолсон.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах дэгийг оруулсан байна. 

    -төсвийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбоотой дэгийг өөрчлөн найруулсан. Тодруулбал, тухайн жилийн төсвийн төсөл Үндсэн хууль, Төсвийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй талаарх төрийн аудитын үндэслэл бүхий дүгнэлт гарсан бол түүнийг хэлэлцэн төсвийн төсөл хуульд заасан шаардлага хангасан талаарх санал хураалт явуулахаар өөрчиллөө;  

    -төсвийн төслөөр сонсгол явуулахаар бол сонсголыг төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн зохион байгуулахаар;

    -албан тушаалтныг томилох, зөвшилцөхтэй холбоотой санал хураалтыг нууцаар явуулахаар;

  -тайлан, илтгэл, мэдээлэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тайланг хэлэлцэх дэгийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуультай холбогдуулан өөрчлөхөөр тусгасан гэдгийг танилцуулгад дурдсан. 


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан нийтийн сонсгол зохион байгуулах журамд, нийтийн сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх, сонсгол зохион байгуулах харьяалал, сонсголыг цахимаар явуулах, сонсголын тайлан, тэмдэглэлтэй холбоотой дэгийг нэмж оруулах, сонсголын бэлтгэл хангах, даргалагчийг сонгох, сонсгол зохион байгуулах журмыг өөрчлөн найруулсан гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн танилцуулгадаа тодотгов. Мөн тус бүлэгт “Нэр дэвшигчийн сонсгол” гэсэн нэгдүгээр дэд бүлгийг шинээр нэмж, тус дэд бүлэгт нэр дэвшигчийг санал болгох, нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, зарлах, нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах, сонсгол явуулах, нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргахтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан гэж байлаа.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэхэд саналтай гишүүн байсангүй.  


Иймд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоол, 2020 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” чиглэл өгөх санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.


Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн дээрх хоёр тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд таницуулахаар болов. 

Холбоотой мэдээ