“Нээлттэй аудит” цахим сайтаас аудитын тайлантай танилцах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-28 14:23:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас мэдээллийн “Нээлттэй аудит” (open.audit.mn) портал сайт нээж байгааг өнөөдөр танилцуулав. Уг сайтаас төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг иргэд, олон нийт дэлгэрэнгүй болон хураангуй байдлаар, визуал хэлбэрээр, олон төрөл хувилбараар хүлээн авах боломжтой болж байна.

“Нээлттэй аудит” цаг алдалгүй ажиллах тул иргэд, олон нийтийн оролцоог хангана гэж үзэж байна. Ингэснээр төрийн байгууллагуудын санхүүгийн ил тод байдал сайжирч, төсвийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтыг хянах боломжтой болж байна. Олон нийтийн оролцоог хэрхэн, яаж хангах вэ гэсэн асуултад:

  • Нэгд, иргэд, ААН, байгууллага нийтийн эрх ашгийг хөндсөн, олон нийтийн анхаарлын төвд буй асуудал болон төрийн байгууллагуудын шилэн дансны хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ цахимаар илгээх боломжтой,
  • Хоёрт, улмаар төрийн байгууллага дараагийн аудитын сэдвийг сонгох, ингэхдээ иргэд, олон нийтийн саналыг тусгаж, мэдээлэл авч ашиглах боломжтой болж буйг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Г.Эрдэнэцэцэг тодотгов.



Тэрээр, аудитын шугамаар шалгуулж буй этгээдэд аудитын байгууллагаас зөвлөмж өгч тайланг нь гаргуулж байгаа. Үүнийг иргэд болон иргэний ниймгмийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж, байнгын ажиллагаатай “Нээлттэй аудит” сайтаар эргэж мэдээлдэг онцлог бүхий үйл ажиллагаа бий болж буйг тодрууллаа.




Аудитын үйл ажиллагаанд иргэдийн мэдээллийг ашиглан харилцагч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эргэх холбоог сайжруулах энэхүү үйл ажиллагаа нь “Сайн засаглал”-ыг бэхжүүлэх зорилготой аж. Тодруулбал, энэ нь Европын холбооны Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаа бөгөөд энэ нь өнөөдөр танилцуулж буй “Нээлттэй аудит” цахим сайтаар эхэлж байна.


Дэлхийн банкны улсын салбарыг хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батчимэг хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд төсөв, санхүүг нээлттэй, ил тод байлгах хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд 2017 онд Олон улсын нээлттэй төсвийн санаачилгын зүгээс гаргадаг Нээлттэй төсвийн индекс тогтоох 100 оноогоос 46 оноо авч байсан. Тэгвэл 2019 онд 56 болгон ахиулсан. 2021 онд хийх үнэлгээ нь илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэрээр, “Ил тод, нээлттэй байдлыг хангах санаачлагын хүрээнд мэдээллийн технологийн шинэлэг байдлыг ашиглаж байна” гээд үүний жишээнд open.audit.mn портал сайтыг дурдаж байв. Сүүлийн үед төсөв санхүүгийн мэдээллийг ил тод болгохоос гадна аудитын байгууллага нь хяналт, шалгалтын оролцоотой болгоход олон улсын түвшинд анхаарч байна.  





Холбоотой мэдээ