Дэлхийн хамгийн өндөр настай хүн 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-03 12:39:16

ТОКИО. /Kyodo/. Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн Канэ Танака 119 насныхаа төрсөн өдрийг ням гарагт тэмдэглэжээ. Тэрбээр Орос-Японы дайн эхлэхээс нэг жилийн өмнө төрсөн байна.


Фүкүока мужид 1903 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр мэндэлсэн К.Танака Японы Мэйжи, Тайшо, Шова, Хэйсэй болон одоогийн Рэйва эринийг дамнан амьдарч байгаа бөгөөд 120 нас зооглохыг хамгийн ойрын зорилгоо болгоод байгааг гэр бүлийн гишүүд нь ярьжээ. 1903 онд Их Британийн зохиолч Жорж Оруэлл, Японы кино найруулагч Ясүжиро Озү, яруу найрагч Мисүзү Канэко тэргүүтэй алдартнууд мэндэлжээ.


К.Танака 2019 оны гуравдугаар сард 116 насандаа Гиннесийн номд хамгийн өндөр настай хүн хэмээн бүртгэгдсэн бөгөөд 117 нас 261 хоногтойдоо Японы бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр настай хүнээр тодорчээ. Фүкүока муж дахь асрамжийн газарт амьдардаг тэрбээр бусад хүмүүстэй дохиогоор харилцаж, үе үе тоон таавар тоглон өөрийгөө сорьдог бөгөөд шоколад, хийжүүлсэн ундаанд дуртай байна.


Өнгөрсөн есдүгээр сард Ахмадаа хүндэтгэх өдрийг тохиолдуулан Фүкүока мужийн захирагч Сэйтаро Хаттори өндөр настанд амьд цэцэг илгээхэд баярласан сэтгэлээ энх тайвныг бэлгэдсэн дохио зангаа үзүүлэн илэрхийлжээ. Есөн хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд тэрбээр 19 настайдаа гэрлэж, нөхөр, ууган хүүгээ 1937 онд эхэлсэн Хятад-Японы хоёрдугаар дайнд тулалдахаар явсны дараа гоймонгийн дэлгүүр ажиллуулан гэр бүлдээ дэмжлэг үзүүлж байжээ. 

Холбоотой мэдээ