Ус түгээх цэг цахим болсноор усны үргүй зардал буурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-04 17:32:21

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилтээр дөрвөн багийн ус түгээх цэгийг ухаалаг системд шилжүүллээ гэж аймгийн "Амь ус трейд" ХХК-аас мэдээлэв.

Улиастай сумын ундны усны төвлөрсөн худгуудыг ухаалаг болгох технологийг 2019 оноос эхлүүлэн шат дараатай хийж байгаа. Тодруулбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ санхүүжилттэй, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2019-2022 онд тус аймагт хэрэгжүүлж буй “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн хүрээнд худгуудыг цахимжуулах ажлууд хийж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард гэхэд Богдын гол, Чигэстэй, Товцог, Өлзийт багт байрлах ус түгээх цэгүүдэд засвар үйлчилгээг хийсэн. Энэ үеэр ус түгээх цэгт ухаалаг төхөөрөмж суурилуулан ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дөрвөн багийн 1390 айл өрхийг цагийн хязгаарлалтгүйгээр ундны цэвэр усаар хангах бүрэн боломжтой боллоо. Ер нь ус түгээх цэг ухаалаг, цахим болсноор хэрэглэгчид цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн үедээ үйлчлүүлэх боломжтой юм.

Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах давуу талтай. Иргэд бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй, картаа цэнэглээд усаа авах тул боловсон хэрэглээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм гэв.

Гүний худаг болон ус түгээх байруудаас сорьц авч байнга шинжилдэг

"Амь-Ус трейд" ХХК нь өнгөрсөн онд аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхөөс цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбоотой 62 дуудлага хүлээн авсан байна.  


Үүнээс цэвэр усны шугамын хөлдөлттэй холбоотой 12 байгууллага, айл өрхийн 215м шугам, бохир усны шугамын хөлдөлттэй холбоотой долоон байгууллага айл өрхийн 225м шугамыг гэсгээж засварласан байна. Мөн хоёрдугаар өргөлтийн станцаас 108,000м3 цэвэр усыг түгээж, 97,200м3 бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн байна. Урин дулааны улиралд усны хоолой задрах, бохир дүүрсэн гэх дуудлагууд ирдэг. Харин өвлийн улиралд бохир усны шугам хөлдсөн, задарсан гэхчлэн дуудлагууд ирдэг.

Харин бохирын цооног бүхий айл өрх, албан байгууллагуудаас 236м3 бохир усыг соролтын машин ашиглан татан зайлуулсан байна. Түүнчлэн хэрэглэгчдийг ундны усны ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангахын тулд сар бүр тогтмол аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бактерлогийн лабораторид цэвэр усны шинжилгээнд хамруулдаг. Өнгөрсөн онд нийт 27 сорьц, шинжилгээнд хамруулж нянгийн тоо нь 1мл-д зөвшөөрөгдөх хэмжээ нь 100 байхаас дээрх сорьцын хариу 0-17, E.Coli илрээгүй. Гүний худаг болон ус түгээх байруудаас сорьц авч байнга шинжилдэг.

Тухайлбал дотоодын лабораторидоо химийн шинжилгээнд хэрэглэгдэх үндсэн бодисуудаа найруулан эх үүсвэр, гүний худаг болон ус түгээх байруудаас нийт 17 сорьцыг авч шинжилгээнд хамруулаад байна гэж "Амь ус трейд" ХХК-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ