"Нинжа" нарын үйл ажиллагааг зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-18 23:50:19

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Баян бор нурууны ард хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг зогсоохоор тус аймгийн Говь Гурвансайхан Байгалийн Цогцолборт Газруудын Захиргааны байгаль хамгаалагч, байцаагч нар өнөөдөр тус бүс нутгийг зорилоо.

Тэд Сэврэй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, байгаль хамгаалагч нарын хамт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 хоног ажиллах аж. Наадмын урт амралтын өдрүүдээр тус бүс нутагт 260 гаруй машинтай 1000 орчим хүн байсан гэнэ. Ажлын өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор хууль бусаар ашигт малтмал олборлогчдын тоо цөөрсөн ч 140 гаруй машин байгаа тухай сумынх нь байгаль хамгаалагч мэдээллээд байгаа юм. Тус бүс нутагт байсан иргэдийн ярьж байгаагаар тэнд нэг хүн дарагдсан мөн архидан танхайрах үйлдэл ч гарсан гэнэ. Одоогийн хяналтын баг очсноор хууль бусаар ашигт малтмал олборлогчид буюу "нинжа" нарын багаж хэрэгслийг хурааж, дараагийн шатны арга хэмжээг авах юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ