Н.Лхагвадорж: Бүх ажлыг тооцоо судалгаан дээр үндэслэн хийх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-08 00:02:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн төв Сүхбаатар сумын өнгө үзэмжийг сайжруулан, аймгийн төв шиг төв болгохыг гол зорилгоо болгоно гэдгээ илэрхийллээ. Тэрээр мэргэжлийн байгууллагын хүмүүст хандаж бүх ажлаа тооцоо судалгаан дээр үндэслэн идэвх санаачилгатай, хөөцөлдлөгөөтэй, сууж биш, явж хийхийг анхаарууллаа.   

Засаг дарга энэ сарын 6, 7-ны өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар суманд ажиллаж, өрхийн эмнэлгүүд, шинээр барьсан цэцэрлэг, өргөтгөл засвар хийж байгаа 4-р цэцэрлэг болон гэр хорооллын дулааны шугам сүлжээний ажил байдалтай танилцсан юм. Харин өнөөдөр буюу 7-ны өдөр Сүхбаатар сумын “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, 7-р багт байрлах ашиглагдахгүй байгаа хүүхдийн цэцэрлэг, тус багт байрлах балгас болсон барилгын суурь, 1-р багт байрлах нэгдсэн хогийн цэг, Салхитын амны гэрэлтүүлэг, аймгийн угтаж үдэх Сүхбаатар хаалга зэрэг газрар явж бодит байдалтай танилцлаа.

“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т 2022 онд улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зуухны засвар хийх бол орон нутгийн хөгжлийн сангийн 220 сая төгрөгөөр ковш машин авч өгөхөөр төсөв батлагдаад байгаа. Харин Сүхбаатар сумын балгас болсон байшинг нурааж зайлуулан янзлахад зориулж орон нутгийн хөгжлийн санд 110 сая төгрөгийг тусгажээ. Аймгийн Засаг даргын удирдамжаар батлагдсан ажлын хэсгүүд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн үлдсэн 16 сум, 6 тосгонд нэгэн зэрэг ажиллаж эхэлнэ. Ийнхүү бүх суманд ажиллаж дууссаны дараагаар нэгдсэн байдлаар иргэд олон нийтэд дүгнэлт мэдээллийг танилцуулах ажээ. 


Холбоотой мэдээ