Уилл Смит “Алтан бөмбөрцөг” хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-01-10 12:33:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн жүжигчин Уилл Смит “Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ гэж наадмыг зохион байгуулагчид твиттер хуудсандаа мэдээлжээ.


Тэрбээр "Ричард хаан" (King Richard, 2021) кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналыг хүртсэн байна. Энэ төрөлд түүний гол өрсөлдөгч нь "Нохойн хүч" (The Power of the Dog, 2021) кинонд тоглосон Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч байв.


“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд “Disney” компанийн бүтээсэн "Энканто" (Encanto, 2021) хүүхэлдэйн кино шалгарсан байна.


Энэхүү хүүхэлдэйн кинонд Колумбын уулархаг нутагт орших Энканто хэмээх жижиг хотод амьдардаг Мирабель Мадригал охины тухай өгүүлдэг байна. Мирабель бол гэр бүлийнхээ ид шидийн чадваргүй цорын ганц гишүүн нь боловч гэр бүлээ асуудалд ороход тэр л аврах ёстой болдог ажээ.


Наадмыг зохион байгуулагч болох Холливудын гадаад хэвлэлийн холбоо (HFPA) нэр хүндэд нь асуудал үүссэн тул энэ жил 79 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулахгүй байхаар шийдвэрлэжээ. 


2021 оны хоёрдугаар сард “Los Angeles Times” сонинд шүүгчдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстнуудын нэг ч төлөөлөл байхгүй байгаа талаар мэдээлсний дараа тус холбоо шинжээчдийн хүрээнийхэн болон кино урлагийн салбарын төлөөлөгчдийн шүүмжлэлд өртсөн байна. 


Түүнчлэн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 1996 оноос хойш жил бүр шууд дамжуулан үзүүлж байсан Америкийн “NBC” телевиз энэ онд ёслолыг дамжуулахаас татгалзжээ. 

Холбоотой мэдээ