Н.Төгсцогт:  Ширүүн тулаан болох ч ялна гэдэгтээ итгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-11 15:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга болж байсан "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ.


Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, хоёр ялагдсан амжилттай яваа Н.Төгсцогтын 11 хоногийн дараа болох уг тулаан болон тэр үдшийн тулаануудын талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ АНУ-аас мэдээллээ.


Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58.9 кг-ын жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.


Харин энэ удаа Н.Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс өдгөөгөөс 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагджээ.


Пасильяс өнгөрсөн оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО-оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа аж.


Харин 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан 2 боксчин ийнхүү тулалдахаар болжээ. Төгсөө жин өгсөн тулалдсан бол Пасильяс доод жиндээ тоглосон. Харин одоо 57.2 кг буюу feather weight-д өрсөлдөнө. Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно. Тиймээс ч хэн хэнийх нь замналд тун чухал ач холбогдолтой тулаан болох тул үнэхээр сонирхолтой тулаан болох нь гарцаагүй.


Тулааны өмнө тэдний өгсөн сэтгэгдлийг толилуулж байна.


В.Пасильяс: "Би Төгсцогттой хийх тулаанд бие, сэтгэл, бодлоороо бүрэн бэлэн байна. Рингэнд гармагцаа л гайхалтай тулаан үзүүлэх болно. Би хамгийн сайн тулаануудаа 57.2 кг жинд үзүүлж байсан. Энэ жинд би маш хүчтэйд тооцогдоно. Би яг одоо урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ялалтаар "өлсөж, улам хүчтэй байна" гэсэн бол, Н.Төгсцогт: "Сайхан боломж гарч, рингэндээ дахин гарах гэж байгаадаа сэтгэл хөдөлж, баярлаж байна. Эхнээсээ дуустал ширүүн тулалдаж,  фэнүүддээ дахин нэг гайхалтай тулаан үзүүлэхийг зорьж байгаа. Тулаан эхлэх анхны хонхон дуунаас л гал гарах бөгөөд харин энэ "дайнд" өөрийгөө ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй" байна хэмээн ярьжээ.


Төгсцогт, Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.


Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57.2 кг-ын дэлхийн аварга Гэри Рассель /31 ялалт, 1 ялагдал/ болон Филиппиний Марк Магсайо /23-0/ нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны 2 дугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.


Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд /8-0/ Крис Роллинстой рингэнд Гэри Рассель, "King Tug" нарын өмнө тулалдах аж.


Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулах бөгөөд Америкийн цагаар 6 p.m PT/ 9 p.m ET -аас эхэлнэ. Мөн энэ тулааны үдшийн тасалбарыг ticketmaster.com -аас худалдан авах боломжтой юм.


 [D1]

Холбоотой мэдээ