Нийт 2961 ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгч тооллогод хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-13 11:05:10

Архангай /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/862 дугаар “Ээлжит тооллого зохион байгуулах тухай” албан бичгийн дагуу аймгийн Статистикийн хэлтсээс аж ахуйн нэгжийн тооллогыг аймагтаа зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 26 тоологчтойгоор 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж, дүнг гаргасан байна. Энэ жилийн тооллого 100 хувь онлайн орчинд болсноороо онцлог. Аж ахуйн нэгжлийн тооллогоор нийт 1936 аж ахуйн нэгж, байгууллага, 1025 хувиараа хөдөлмөр эрхлэгч тоологдсон байна.

Тооллогын үед үйл ажиллагаа явуулдаггүй, эзэн нь тодорхойгүй, сураггүй болсон, аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар тооллогод ач холбогдол бага өгч олон дахин утасдуулах, тооллогодоо хамрагдахгүй байх, цахим орчинд харьцах мэдээлэл дутмаг, ихэнх аж ахуй нэгж нягтлан бодогчгүй байх зэрэг хүндрэл гарчээ.

Тооллогод аймгийн Засаг даргын нөөц сангаас 14582.0 мянган төгрөгийг зарцуулсан ба аймгийн комисст 13, сумын комисст 247, тоологчоор 26 нийт 286 хүн ажилласан байна.

Холбоотой мэдээ