Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ ховор, үнэтэй байна

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-13 15:11:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ ховор, үнэ ханш өндөр байна. Тухайлбал “Шинэ-Алтай” захад сүү нэг литр нь 3500-4500, аарц 6500, ааруул чихэргүй нь 18000-20000, чихэртэй 22000-30000, зөөхий нэг килограмм нь 23000, шар тос нэг килограмм нь 28000  төгрөгийн үнэтэй байна. 

Уг үнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүтээгдэхүүн тус бүр нэг килограмм нь 5000-8000 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, хамгийн эрэлт ихтэй тавгийн ааруул өнгөрсөн жил 120 мянгаас 160 мянган төгрөг байсан бол энэ жил 160 мянгаас 280 мянган төгрөг болж 40-120 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

"Өнгөрсөн өвөл, хавартаа зутруу байсан болохоор малчид төл аваагүйн улмаас сааль хийж чадаагүй. Мөн бензин түлшний үнэ тэнгэрт гарлаа. Бас коронавирус гээд хангайн аймгийн цагаан идээ нийлүүлэгчид нааш цааш явахаа больсон. Бид цагаан идээгээ Архангай, Баянхонгор аймаг руу явж авдаг. Эдгээр шалтгаануудаас хамаараад цагаан идээ үнэтэй мөн хомс байгаа" хэмээн цагаан идээний худалдаа эрхлэгч Д.Давааням хэллээ. Тэрээр цааш нь ярихдаа: “Ойрдоо иргэдийн эрэлт ихэсч байна. Гэвч тэдний худалдан авах чадварыг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад маш их буурсан. Одоо сар шинэ болох гэж байгаа болохоор л борлуулалт бага зэрэг нэмэгдэж байна. Ихэвчлэн “Аав ээждээ өгнө” гэж хүмүүс ааруул цагаан идээ авч байна гэдгийг ч мөн онцлон хэлж байлаа.


Холбоотой мэдээ