А.Азжаргал: Ирэх 14 хоногт халдварын 300-400 тохиолдол өдөрт бүртгэгдэх магадлалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-15 16:06:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн коронавируст халдварын нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийн талаар Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга А.Азжаргалтай цахимаар холбогдон тодрууллаа.

-Ярианы эхэнд халдварын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Өнгөрсөн 7  хоногийн нийт тохиолдлын 46 хувь нь Баруун Урт, Дарьганга сум 15 тохиолдол 6,1 хувь, Баяндэлгэр сум 10 тохиолдол 4,1 хувийг эзэлж хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Мөн томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэлт өнгөрсөн 7 хоногоос 2.1-13,5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор коронавирусийг ханиадтай андуурч тоохгүй явсаар хүндрүүлэх, бусдад халдаах явдал гарч байна. Халдварын нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл Сүхбаатар аймгийн хэмжээнд 52-р долоо хоногтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдэж, ирэх 14 хоногт 300-400 тохиолдол өдөрт бүртгэгдэх магадлалтай байна. үүний 15-20 хүнд хүндрэх эрсдэл гарч болзошгүй гэж үзэж байгаа.

-Сүхбаатар аймагт хоёр дахь удаагаа халдвар авсан тохиолдол хэчнээн бүртгэгдэв. Коронавирусний бусад хувилбарын тохиолдол илэрсэн үү?

-2022 оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар хоёр дахь удаагаа халдвар авсан 53 хүн байна. бусад хувилбарын тухайд бид орон нутагтаа оношлох боломжгүй учир Улаанбаатар хот руу сорьцыг илгээдэг. ХӨСҮТ-д 11 хүний сорьцийг илгээгээд байна. Тодруулбал Сүхбаатар аймагт одоогоор коронавирусний бусад хувилбар бүртгэгдээгүй. Цагаан сарын баяр болж байгаатай холбоотой иргэдийн хөл хөдөлгөөн гадуур маш их байна. Үүнтэй холбоотойгоор албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагч маш их халдвар авч байна.

-Тэгвэл урьдчилан сэргийлэх ажил хэрхэн хийж байгаа вэ?

-Мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийж, бүх суманд чиглэл хүргүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлтгэл бэлэн байдал, ор төлөвлөлт, оношлуур, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, хүний нөөцийн төлөвлөлтөө тогтмол хийн ажиллаж байна.

-Оношилгоо, эмчилгээний тухайд?

-Өмнөх дельта хувилбартай адилхан оношилгоо эмчилгээний зарчим, тактикыг баримтлан ажиллаж байна. Омикрон хувилбар нь харьцангуй халдварлах чадвар өндөр, нууц үеийн хугацаа богино байна. Тиймээс тандалт судалгааг сайн хийж, иргэдийг шинжилгээнд хамруулах нь чухал. Сум тус бүрийн ЭМТ-д эмчилгээний тасаг, аймгийн төвд улаан бүсийн хоёр эмнэлэг ажиллаж байна. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо ихэмч байна. Иймд Баруун-Урт суманд ковидын нэг цэгийн үйлчилгээг өдөр бүр ажиллуулж байгаа. Ингэснээр шинж тэмдэг илэрмэгц цаг алдалгүй оношилж, батлагдсан иргэдийн биеийн байдлыг ангилан, өрхийн эмч нар зохих арга хэмжээг газар дээр нь авч байгаа.

-Эмнэлгүүдийн ачаалал дахин нэмэгдэж эхэллээ. Орны хүрэлцээ, хангамж ямар байгаа вэ?

-Тийм ээ, энэ бол халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотой. Нөгөө талаар эрсдэлт бүлгийн хүн ам халдварт өртөх байдал өндөр байна. Тиймээс эмнэлгүүдийн ачаалал эргэн ихэсч, өнөөдрийн байдлаар аймгийн төвд халдвартын 20 ортод, АНЭ-ийн мэс заслын тасаг гэсэн хоёр эмнэлэг ажиллаж байна. Одоогоор орны хангалт хэвийн түвшинд байгаа ч цаашид байдал хүндэрвэл нэмэлт ор дэлгэх төлөвлөгөө бий. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хэрээр хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэх тул эрсдэлт бүлгийн хүн ам өвчлөхөөс урьчдилан сэргийлэх нь хамгийн чухал.

-Дархлаажуулалт хэдэн хувьтай үргэлжилж байна. Сайн дурын үндсэн дээр хийлгэх дөрөв дэх тунд иргэд хэрхэн хамрагдаж байна?

-ЭМС-ын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн А/01 дугаар тушаалын дагуу 18-аас дээш насны иргэд коронавируст халдварын эсрэг нэмэлт тунгийн вакцинд хамрагдсан, гурваас дээш сар болсон, коронавируст халдвар аваад 21 хоносон иргэнийг сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунгаар вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Эхний хоёр тунгийн хамрагдалт 90 гаруй хувьтай, гурав дахь тун 60 орчим хувьтай үргэлжилж байна. Харин сайн дурын үндсэн дээр хийх дөрөв дэх тунд 500 гаруй иргэн хамрагдсан. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх ч нэмэгдэж байна. Дархлаажуулалтыг сум бүрт тогтсон цэгт өдөр бүр хийж байгаа.

-Сүүлийн үед иргэд ерөнхийдөө үл тоосон, хайнга байдалтай болчихлоо. Олон нийтийн, үйлчилгээний газрууд ч өмнөх шигээ сонор сэрэмжтэй байхаа больсон. Тиймээс эргэн идэвхжүүлэхийн тулд хэрхэх шаардлагатай байна вэ?

-Яг тийм. Иргэдийн халдвар хамгааллын дэглэм баримтлах байдал өмнөхөөсөө эрс багассан. Цагаан сарын үеэр буюу хоёр, гуравдугаар сард халдварын ээлжит давлагаа явагдах магадлалтайг ЭМБ-аас анхааруулж байгаа. Аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөлт эрсдэлийн бүлгээс 16 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд өндөр эрсдэлтэй гарсан. Тиймээс иргэд өөрсдөө дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх нь хамгаас чухал. Нийтийн эрүүл мэнд, яаралтай үед авах хариу арга хэмжээг идэвхжүүлэх шаардлага бий. Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа их болж байгаа учир үүнийг хязгаарлах саналыг аймгийн Шуурхай штабаас Онцгой комисст хүргүүлээд байна.

-Төгсгөлд нь уншигч, иргэдэд хандан хэрхэн уриалах вэ?

-Коронавируст халдварын эсрэг вакцин халдвараас 100% хамгаалахгүй ч, халдвар авсан тохиолдолд хөнгөн өвдөх,  эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах эрсдэлээс  75-92% хамгаална. Мөн эмнэлгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Тиймээс эрсдэлт бүлгийн  иргэд ялангуяа ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд, жирэмсэн, хөхүүл эхчүүдийг вакцинжуулах, нэмэлт тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ