Д.Батзаяа: Эхний ээлжинд 9 гайхамшгаа түр отоглох цэгүүдтэй болгочихвол аялагч амрагчдад хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-18 22:10:39

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Батзаяатай ярилцлаа. 


-Төв аймаг аялал жуулчлал хэр хөгжсөн бүс нутаг вэ? Дэлхий нийтийг хамраад буй энэ халдварт өвчлөлийн үед хэрхэн ажиллаж байна вэ? 

-Төв аймгийн аялал жуулчлал олон талын онцлогтой. Бүхлээр нь авч үзвэл аялал жуулчлалын бүс нутаг, үүний зэрэгцээ газар тариалан, уул уурхай бас давамгайлдаг. Манай аймгийн хамгийн том онцлог нь Улаанбаатар хотыг тойрон оршиж буй газар зүйн байршил юм. Энэ нь бидэнд давуу болон сул талтай. Сайн тал нь дотоод, гадаадын жуулчдын хамгийн ихээр зорчдог, дайран өнгөрдөг, богино хугацааны аяллууд зохион байгуулдаг бүс нутаг юм. Гэвч Төв аймгийн газарзүйн байршлаас хамааран орох, гарах гарц олон цэгт байдаг. Иймд тогтсон жуулчдын тоог гаргах боломжгүй бөгөөд ихэвчлэн Улаанбаатар хотод бүртгэгддэг. Иймд 27 сумаас 12 суманд үйл ажиллагаа явуулдаг жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газруудаар үйлчлүүлсэн зочдын тоон мэдээллийн дагуу жилийн хугацаанд аялсан аялагч, дотоодын амрагч нарын тоог гаргадаг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд гадны жуулчин аваагүй байна. 2021 онд 25000 дотоодын амрагч амарсан дүн мэдээ байна.

-Өнгөрсөн жилд ямар ямар аяллуудыг зохион байгуулсан бэ?

-Нэгдсэн зохион байгуулалттай аяллууд хийгээгүй. Гэр бүлийн хүрээнд дотоодын амрагчид хувиараа аялсан. Томоохон тур оператор компаниуд ч маш бага аялал зохион байгуулсан. Аймгийн хувьд 10 дугаар сард "Аи Ти Эм-2021"-ийн хүрээнд 21 аймгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг Аймгийн төв- Нисэх – Манзушир гэсэн маршрутаар нэг өдрийн аялал зохион байгуулсан. Ковидгүй үед бид хавар, намартаа дунд сургуулийн сурагчдад зориулсан танин мэдэхүйн аяллыг тогтмол зохион байгуулж байсан 

-.Жуулчид хамгийн ихээр зорин очдог Төв аймгийн онцлох ямар газрууд байна вэ?

-Аймгийн 9 гайхамшиг бол хамгийн алдартай. Манзушир хийдийн туурь, Хустайн байгалийн цогцолборт газар Алтанбулаг суманд бий, Эрдэнэ суманд байрлах Гүнжийн сүм нь Улаанбаатар хотоос зүүн тийш 120 орчим километрт Хэнтийн дархан цаазат газарт байх ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан газар байдаг. Тэр хавийн газар байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн тойрондоо нарс модон ойтой.

Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан нь 1668 метр юм. Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Эрдэнэ суманд байрлах Чингис хааны морьт хөшөөт цогцолбор буюу Цонжинболдог нь Улаанбаатар хотоос 55 км, Зуунмод хотоос 45 км зайд оршдог. Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солихоор бүтээгдсэн. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь юм.

Эрдэнэ суманд байрлах Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал нь Улаанбаатар хотоос 59 км зайд яваад хүрдэг. Түрэгийн гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Налайх хотоос зүүн тийш 15 км, Ар Жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 км зайд оршино.  Бунхант цогцолборт мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулсан хоёр гэрэлт хөшөө бий. Нэгдүгээр хөшөө нь 170 см өндөр, 37 мөр бичээстэй, хоёрдугаар хөшөө нь 160 см өндөр, 25 мөр бичээстэй байдаг.

Дэлгэрхаан суманд байх Цогт хунтайжийн дуутын хадны бичээс нь Улаанбаатар хотоос 266км, Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Сэргэлэн суманд орших Ээж хайрхан нь Улаанбаатар хотоос 122км Төв аймгийн Сэргэлэн сумаас урагш 63км зайтай Авдарын уулын өвөр дор орших 1,7м өндөртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий хайрхан юм. Энэ хайрхныг нутгийн ард түмэн эмэгтэй савдагтай Дамдингийн орон хэмээн нэн эртнээс тахин шүтэж ирсэн. Ээж хайрханд ирж золгосон ямар ч хүн дахин 2 жил ирж золгох учиртай бөгөөд ойр хавьд өвөлжөө, хаваржаа барьдаггүй/, улай хийх, түүхий мах тавих, ан амьтныг нь хороох, архи хэрэглэх, ууж идсэн зүйл, хог хаягдлаа хаяж явахыг цээрлэдэг. Борнуур смуын Аглаг бүтээлийн сүм Улаанбаатар хотоос 99км, тус сумын Нарт багийн Далийн аманд байрладаг бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн. Аглаг бүтээлийн хийд нь Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм музей юм. Тус газар уламжлалт зураг, зээгт наамал зэргээс гадна сонирхолтой шийдэл бүхий лусын амьтад, содон бүтээлүүд элбэг байдаг учир эдгээр газрууд аялагчдыг татдаг.

-Төв аймгийн 9 гайхамшгаар виртуал танилцуулга хийсэн байсан. Үүний талаар?

-Шинэ нисэх буудал дахь мэдээллийн төвд байршуулах зорилгоор энэхүү Виртуал танилцуулгыг хийлгэсэн. Техник технологийн эрин үед бид ч бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, шинэлэг бүхнийг аймагтаа нэвтрүүлж ажиллахыг хүсдэг. Мөн 9 гайхамшгийн бичлэгийг олон нийт ихээр ашигладаг сүлжээнд байршуулсан байгаа.  

-Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор аялал жуулчлал нэмэгдэж байна уу? Мөн шинэ нисэх буудалд аялал жуулчлалын мэдээллийн төвтэй болсон. Энэхүү төвийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны талаар хуваалцвал?

-Аймгийн нутаг дэвсгэрт байгуулсан шинэ нисэх буудалд бид аялал жуулчлалын мэдээллийн төвийг байгуулна гэж 2015 оноос эхлэн Японы талд санал тавьсны дагуу 13.5мкв талбайг одоо түрээслүүлэн ажиллуулж эхэлж байна. Мэдээллийн төвийн үндсэн үйл ажиллагаа, гарах зардал, ажиллах боловсон хүчин зэргийг Аймгийн аялал жуулчлалын холбоо хариуцаж байна. Бидэнд тулгарсан нэг хүндрэлтэй асуудал нь боловсон хүчин буюу тэнд ажиллах хүн дутмаг байгаа. Хамгийн эхний жил, жуулчингүй жил учир одоогоор жуулчин аялагч нэмэгдсэн гэж хэлж чадахгүй. Шинэ нисэх буудалд мөн Монгол Улсын аялал жуулчлалын мэдээллийн төв ажиллаж байна.  

-Өнгөрсөн жилийн хувьд аялал жуучлалд зориулсан төсөв хэд байсан бэ? Үр дүнд хүрсэн ажлуудаас хуваалцвал?

-2021 онд аялал жуулчлалын салбарт анх удаа төсөв тавигдсан. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээний зардлаас 80сая, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 60сая төгрөгийн төсөв орж ирсэн. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээний зардлын 40сая төгрөгт аймгийн аялал жуулчлалын Стратеги төлөвлөгөө боловсруулсан. 10сая төгрөгт 4 байршил буюу Зорголхайрхан, Ээж хайрхан, Цогтын дуутын хадны бичиг, Өлзийт нуур гэх зэрэг байршилд англи, монгол хэлээр бичсэн мэдээллийн самбар, сүүдрэвч байршуулсан бөгөөд Аи Ти Эм үзэсгэлэн, Виртуал танилцуулга гэх мэт  зүйлст зарцуулагдсан байна.

-Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний хүрээнд ямар ажлыг хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-Стратеги төлөвлөгөө нь судалгаа, зураглал, төлөвлөгөө гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Мөн Аймгийн аяллын маршрутуудыг шинэчлэн тогтоож, ерөнхийдөө бүсчилсэн хэлбэрээр цаашид хөгжих боломжтой гэж үзэн 5 бүс болгон, тус бүртээ урт, богино хугацааны аяллын маршрутууд төлөвлөгдсөн. Мөн аймгийн 27 сумыг бүхэлд нь хамруулан сум бүр өөрийн онцлогийг харуулах боломжийг бүрдүүлэх юм.

-Аи Ти Эм үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэвэл? 2021 онд Төв аймаг энэ үйл ажиллагаанд юугаараа онцлог байж чадсан бэ?

-Жил бүр зохион байгуулдаг олон улсын аялал жуулчлалын Аи Ти Эм үзэсгэлэнг уламжлалт ёсоор Улаанбаатар хотод 3 өдрийн турш Мишээл экспо-д зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнд 21 аймаг, аялал жуулчлалын байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, зохион байгуулахаар төлөвлөсөн аялал, түүх соёлын дурсгалт газар, 9 гайхамшгийн үйлчилгээг танилцуулдаг. Төв аймаг 2021 оны үзэсгэлэнд хамгийн том талбай буюу 63мкв талбайг түрээслэн аймгийн аялал жуулчлалын Холбооны гишүүн байгууллагууд болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч, ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа. Мөн Виртуал танилцуулгаа энэ жил хийсэн. 

-Олон улсын болон дотоодын аялагч нарыг хүлээн авах үед түүхэн дурсгалт газруудын ариун цэврийн байгууламж, жуулчдад зориулсан тэмдэг тэмдэглэгээ их дутмаг байдаг. Өнгөрсөн жилийн хувьд шинээр засаж сайжруулсан байгууламж юу байгаа вэ?

Яг тийм энэ бол Монгол Улсын хэмжээнд дутагдаж яригдаж байгаа асуудал. Үүний хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас түр буудаллах цэг,, түр отоглох цэгүүдийн стандартыг гаргасан байдаг. Энэ нь их төсөвтэй учир хувийн байгууллагууд хийх, тухайн аймаг орон нутаг аялал жуулчлалдаа хэдэн төгрөгийн төсөв тавигдсан зэргээс шалтгаалан хийж байна. Манай аймагт 2021 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны санхүүжилтээр 60 сая төгрөгийн төсөв тавигдсан, энэхүү төсөвт тааруулан бид Манзуширт 6 хүн зэрэг орох боломжтой соруулдаг бие засах газар, 5 ангилдаг хогийн сав, явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал сүүдрэвчийг цогцоор нь хийсэн. Төсөв маш бага хэдий ч тендерт шалгарсан компани Төв аймгийнх байсан тул аймаг орон нутгаа гэсэн сэтгэлээр бидэнд гүйцэтгэн хийж өгсөн.

Цаашид энэхүү эко бие засах газарболон мэдээллийн самбар, ААН-ийн самбар зэргийг бага багаар ч гэсэн хийх шаардлагатай байна. Эхний ээлжинд 9 гайхамшгаа түр отоглох цэгүүдтэй болгочихвол аялагч амрагчдад хэрэгтэй, байгальд ээлтэй аялал зохион байгуулахад хялбар болно.  

-Аймгийн хэмжээнд зохион байгуулдаг аялал жуулчлалын эвентийн талаар?

-Аймагт тогтвортой зохион байгуулж буй аялал жуулчлалын эвент бол “Хонины найр” үйл ажиллагаа юм. Энэхүү эвентийг 2014 оноос хойш тогтвортой зохион байгуулж байна. Хонины найр үйл ажиллагаа нь Алтанбулаг сумын малчны бүлэг болох 10 айл нэгдэж хонины ашиг тус, эсгий хэрхэн хийх арга, эсгий болон ноосоор бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх үйл явцыг тухайн үйл ажиллагаан дээр хийж үзүүлдгээрээ онцлог юм. Эвент гэдэг нь Тогтсон нэг өдөр, нэг газартаа, нэг сэдвийн хүрээнд тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагааг хэлнэ. Жишээлбэл Монгол Улсын хамгийн том эвент бол Наадам, Мөсний баяр, Бүргэдийн баяр гэх мэт, Олон улсын түвшинд бол шар айргийн баяр, карнавал зэрэг тухайн улс үндэстний онцлогоос шалтгаалсан эвентүүд зохион байгуулдаг.

-Ярилцсан танд баярлалаа.   

 

Холбоотой мэдээ