Ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг энэ онд үргэлжлүүлэн олгоно

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-19 09:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжихэд олгож ирсэн хөнгөлөлттэй зээлийг энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар Сангийн яамнаас мэдээлж байна. Өнгөрсөн онд нийт 4.3 их наяд төгрөгийн зээл олгожээ. Нийт зээлийн 50 хувийг гол зорилтот үйл ажиллагаа болох ажлыг байрыг дэмжихэд олгосон. Энэ онд аль салбарт түлхүү олгох талаар Сангийн яам судалж байна. Ингэхдээ иргэнд 50 сая төгрөг, ААН-үүдэд 500 сая төгрөг хүртэлх зээлийг олгохоо мэдэгдлээ.


Ирэх 3 дугаар сарын 1-нээс ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгож эхэлнэ.


Өмнө олгосон зээлийг салбараар ангилж үзвэл:

  • бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч нарт 915 сая төгрөг,
  • үйлчилгээний салбарт 401 сая төгрөг,
  • өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт 139 сая төгрөг,
  • боловсруулах салбарын үйлдвэрлэлд 130 сая төгрөгийг тус тус олгожээ.

Бизнес эрхлэгч нарт тулгарч буй зээлийн барьцаа хөрөнгө гаргахад Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагаагаа өргөжүүлэн баталгаа гаргах аж. Энэ талын журмыг шинэчлэн боловсруулж байна.

Тухайлбал, 500 сая төгрөгийн зээлийн 60 хүртэлх хувьд буюу 300 сая хүртэлх төгрөгт батлан даалт гаргах боломжтой талаар Зээлийн батлан даалтын сангаас мөн мэдээлж байна. Тодруулбал, барьцаа хөрөнгө дутаж буй зээл хүсэгч нарт нийт зээлийн 30-60 хувьд батлан даалт гаргах аж.




Цар тахлын улмаас ажлын байргүй болох эрсдэлтэй ААН-үүдийг дэмжиж ирсэн жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл бизнес эрхлэгч нарт дэмжлэг хөшүүрэг, давуу тал болох байдал энэ онд ийнхүү хэвээр үргэлжилнэ. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ. Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг олгосон зээлийн хэмжээгээр тэргүүлж байна. 

Ташрамд дурдахад, Засгийн газраас зээлийн хүүгийн татаас олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлж ирсэн хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлж буйг харгалзан үзэж уг зээлийн хөрөнгийг өнгөрсөн онд 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.


Холбоотой мэдээ