Багануур дүүргийн оршин суугчдын 20 гаруй хувь нь вакцины IV тунд хамрагджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-20 22:54:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвтэй танилцлаа.

 

Омикрон хувилбарын дэгдэлттэй холбоотой сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд тус төвд өнөөдрийн байдлаар 153 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэн хүнд 5, хүнд 30, хүндэвтэр 60 гаруй өвчтөн байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэрийн хэрэгцээ их байгааг Шадар сайдад уламжилсныг нэн даруй шийдэхээ илэрхийлэв. Тус Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд халдвар авсан иргэдээ эрэмбэлэн ангилж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж буйг хэллээ.

 

Цар тахлын хүнд хэцүү энэ үед эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж, эмч эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлсэн нь хүн хүчний хомсдол үүсгэж буй аж. Тус дүүргийн Эрүүл мэндийн төв мөн ачаалал ихтэй байгаа ч үйлчилгээ авахаар ирж буй иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулан ажиллаж байгаагаа дурдсан юм.

 

Дүүргийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгаагаас IV тун хийлгэсэн иргэд нийт оршин суугчдын 20 гаруй хувийг эзэлж буй аж.


Холбоотой мэдээ