Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-21 20:25:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны 12 сард  эцэслэсэнтэй  холбогдуулан дараагийн шатыг эхлүүлэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-ын "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив.


Ирэх долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болох уг хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын талаар нарийвчлан хэлэлцэхээр тохиров.


Энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах болсон тухай Оросын тал мэдэгдэв. Протоколд гарын үсэг зурах үеэр ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж, байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар  ярилцлага, сурвалжилга бэлтгэнэ гэдгийг "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов Шадар сайдад дуулгав.

Холбоотой мэдээ